Зургийг: Al Drago/Bloomberg
АНУ-ын Холбооны Нөөцийн банкны удирдлагууд инфляцын дарамт өндөр хэвээр байгаа энэ үед бодлогын хүүг өсгөх циклээ үргэлжлүүлэх, тэр дундаа өмнө нь тооцоолж байснаас илүү өндөр түвшинд хүргэж өсгөх шаардлага байгааг илэрхийлсэн байна.
Лхагва гарагт болж өнгөрсөн арга хэмжээнүүдэд тус улсын Төв банкны дөрвөн бодлого тодорхойлогч үг хэлэхдээ хэдий инфляц саарч эхэлсэн нь таатай мэдээ боловч инфляцын эсрэг тэмцэлд хараахан ялалт байгуулаагүй болохыг сануулсан утгатай байр суурь илэрхийлжээ.
Төв банкны тэргүүн Жером Пауэлл болон бусад албан тушаалтнууд ийнхүү мөнгөний хатуу бодлого руу хэвийсэн дохио өгсний дараа хөрөнгө оруулагчид бодлогын хүү хамгийн ихдээ хэдэн хувьд хүрэх тухай таамаглалуудаа шинэчилж эхэлсэн бөгөөд АНУ-ын нэгдүгээр сарын хөдөлмөрийн зах зээлийн тайлан өндөр өсөлттэй гарснаас үзвэл бодлогын хүү 6 хувьд ч хүрэх боломжтой гэж тэдний зарим нь тааварласан байна.
“Бид мөнгөний хязгаарлалттай бодлогоо хадгалах хэрэгтэй байна. Инфляцыг 2 хувьд баттай хүргэх хүртлээ энэ түвшинд барих шаардлага гарна” хэмээн Нью-Йорк хотын Холбооны Нөөцийн банкны салбарын Ерөнхийлөгч Жон Уилльямс өгүүлжээ.
Холбооны Нөөцийн банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 4.5-4.75 хувийн түвшинд хүргэсэн юм. Харин 12 дугаар сард 50 суурь нэгжээр, түүнээс өмнө дөрөв дараалан 75 суурь нэгжээр өсгөөд байв. Албаныхны зүгээс бодлогын хүү дахин хэд хэдэн удаа 25 суурь нэгжээр нэмэгдэж, 5.1 хувь буюу оргил цэгтээ хүрнэ гэсэн медиан төсөөллийг өнгөрсөн оны 12 дугаар сард гаргажээ.