Английн Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувьд хүргэж, нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр тус банк өнгөрсөн оны 12 дугаар сард мөнгөний бодлогоо чангатгах шийдвэр гаргаснаас хойш долоо дахь удаагаа дараалан бодлогын хүүгээ нэмж байна.
Түүнчлэн Английн Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос инфляц 13 хувьд тогтворжино гэсэн төсөөллөө бууруулж, 11 хувь болгожээ. Учир нь эрчим хүчний хямралын үед дэмжлэг үзүүлэх Ерөнхий сайд Лиз Трассын төлөвлөгөөний үр дүнд эдийн засгийн уналтын эрсдэл багасна гэж үзсэн байна.
АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөхөөр болсны дараа бусад улсын Төв банкнууд ч энэ жишгийг дагаж буй. Хамгийн сүүлд Их Британиас гадна Зүүн Өмнөд Азийн гурван улсын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал: Филиппин, Индонезийн Төв банкнууд тус бүр бодлогын хүүгээ тал нэгж хувиар нэмэгдүүлсэн бол Вьетнамын Төв банк бодлогын хүүгээ 100 суурь нэгжээр огцом нэмэгдүүлжээ.
Вьетнамын Төв банк 2020 оны есдүгээр сараас хойш анх удаа бодлогын хүүгээ ийм өндөр дүнгээр нэмэгдүүлсэн тохиолдол нь энэ болсон байна. Өмнө нь шинжээчид тус банкыг бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөнө гэж таамаглаж байсан аж.
Харин Индонез рупигийн ханш ам.долларын эсрэг эрчимтэй суларсаар байна. Сүүлийн байдлаар спот ханш нь 15 мянга давсан нь одоогоор дээд түвшин болж байгаа юм.