
Зургийг: president.mn
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ханой хотноо болсон Монгол-Вьетнамын бизнес форумд оролцлоо.
Бизнес форумын үеэр Вьетнам улсын агаарын тээврийн “Вьет-Жет” компанийн Нячанг-Улаанбаатар-Нячанг чиглэлийн нислэгийн нээлтийн ёслол боллоо. Энэхүү нислэг ирэх 12 дугаар сарын 15-наас эхлэн тогтмол давтамжтайгаар хийгдэж эхлэх юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд холбогдох талууд Вьетнам улс, Монгол Улс хооронд дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх, мэдээлэл солилцоо болон цагаачлалын менежмент зэрэг харилцаа, хамтын ажиллагааны зургаан баримт бичигт гарын үсэг зурлаа.
Айлчлалын хүрээнд хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжих, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадсаныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон байна. Мөн “Хоёр орны ард түмний хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа”-гаа хэллээ.
Түүнчлэн хоёр улсын харилцааг шат ахиулан “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгджээ.
Цаашид уул уурхай, эрчим хүч, төмөр зам болон далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа аж. Тодруулбал: Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам улсад экспортлох, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтсон байна. Энэ хүрээнд хонь, ямааны мах экспортлохоор тохиролцжээ.
Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс Вьетнамаас 20 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн 87.3 сая ам.доллароор импортлоод байгаа аж. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс малын дайвар бүтээгдэхүүн, гянт болд болон молибдены хүдэр, баяжмал зэрэг бүтээгдэхүүний 5.1 сая ам.долларын экспорт хийсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад Төрийн айлчлал хийж байгаа бөгөөд 05-07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар тус улсад мөн Төрийн айлчлал хийнэ.