logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    "Saudi Aramco" $110 тэрбумын байгалийн хийн төсөл эхлүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 13 15:55
    498
    “Jafurah” төсөл нь Саудын Арабын эрчим хүчний экспортоо газрын тосноос бусад салбарт өргөжүүлэх стратегийн бодлогын нэг хэсэг юм

    "Saudi Aramco" компани 110 тэрбум ам.долларын өртөг бүхий байгалийн хийн төслийг эхлүүлэхээр хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж эхлээд байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр дэлхийд томоохонд тооцогдох байгалийн хийн ордод олборлолт хийх боломжтой болох юм.

    Саудын Арабын зүүн хэсгийн Жафура дахь энэхүү ордын олборлолт болон боловсруулах үйл ажиллагааны төслийн санхүүжилтийг босгохоор Төрийн өмчит "Saudi Aramco" компани хөрөнгө оруулалт хайж эхлээд байгаа гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. 

    Дээрх зорилтын хүрээнд тус компани төслийн дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар тохиролцсон хувийн хөрөнгө оруулалтын сангууд болон бусад томоохон сангуудад нүүрстөрөгчийг ялгах болон хадгалах, дамжуулах хоолой, ус төрөгчийн үйлдвэрийн төслийн хувьцааг санал болгох замаар нэмэлт санхүүжилт авах санал тавиад байгаа гэнэ.

    Төслийн гол зөвлөхөөр хөрөнгө оруулалтын “Evercore” банк ажиллаж байгаа бөгөөд одоогоор хэлэлцээрүүд эхний шатандаа явж байгаа тул санхүүжилтийн нөхцөл цаашид өөрчлөгдөх боломжтой аж. Энэ асуудлаар "Saudi Aramco" болон “Evercore” банк албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. 

    Украин дахь дайны улмаас ОХУ-аас байгалийн хий авдаг байсан Европын улсуудад байгалийн хийн эрэлт огцом нэмэгдэх болсон юм. Үүнтэй холбоотойгоор Персийн булангийн орнууд байгалийн хийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

    “Jafurah” төсөл нь Саудын Арабын эрчим хүчний экспортоо газрын тосноос бусад салбарт өргөжүүлэх стратегийн бодлогын нэг хэсэг юм. Энэхүү ордыг ойролцоогоор 5.7 их наяд куб метр байгалийн хийн нөөцтэй гэж тооцоолж байгаа бөгөөд "Saudi Aramco" компани 2025 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна. 2030 он гэхэд тус үйлдвэрт өдөр тутам дунджаар 57 сая куб метр байгалийн хий үйлдвэрлэхээр төлөвлөжээ. 

    Ордоос олборлосон байгалийн хийн ихэнх хэсгийг цэнхэр устөрөгчийн үйлдвэрлэлд ашиглана гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд өнгөрсөн онд мэдэгдэж байв. Ингэснээр байгалийн хийг цаашид ногоон эрчим хүчний эх үүсвэрт хөрвүүлэн экспортлох боломжтой болох аж. 

    “Jafurah” төслийн хөгжүүлэлтийг гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй болгосон явдал нь "Saudi Aramco"-ийн олон жилийн туршид үргэлжилсэн гаднын хөрөнгө оруулалт татах бодлогын дараагийн алхам болж байна. 2019 онд тус компани 30 тэрбум ам.долларын IPO хийснээсээ хойш улс даяар газрын тос болон байгалийн хийн үйл ажиллагаа явуулдаг охин компаниудынхаа хувьцааг нээлттэй санал болгох болсон юм. Үүний үр дүнд тус компани нийт 28 тэрбум ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлээд байна.

    Дэлхийн цэнхэр устөрөгчийн үйлдвэрлэл 2030 оноос жилийн 6.6 сая тонн хүрнэ гэж “BloombergNEF” тооцоолжээ. Өнөөдрийн байдлаар байгалийн хий болон ялгаж авсан нүүрстөрөгчөөс гаргаж авдаг цэнхэр устөрөгчийн хэрэглээ өндөр байгаа ч 2030 он гэхэд ус болон нөхөн сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан устөрөгч зах зээлд давамгайлна гэж тооцоонд дурдсан байна. 

    Cэтгэгдэл бичих