
Зургийг: Josh Reynolds/AP
2023 оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг АНУ-ын Харвардын их сургуулийн эдийн засгийн түүхч Клаудиа Голдин хүртлээ. Тэрбээр эдийн засгийн төрөлд Нобелийн шагнал хүртсэн гурав дахь болон шагналаа хуваалцаагүй ганцаараа авсан анхны эмэгтэй эдийн засагч болж байна.
"Олон зууны туршид эмэгтэйчүүдийн орлого, хөдөлмөрийн зах зээлийн оролцооны талаарх анхны дэлгэрэнгүй ойлголтыг өгсөн. Хөдөлмөрийн зах зээл дэх тэгш бус байдлын шалтгаан, эмэгтэйчүүдийн үүргийн талаарх ойлголтыг сайжруулсны төлөө" түүнд энэхүү шагналыг олгохоор болсныг Шведийн Шинжлэх ухааны академи мэдээллээ.
Эдийн засгийн салбарын шагналыг Шведийн Шинжлэх ухааны академи шалгаруулдаг. “Sveriges Riksbank” шагнал гэж албан ёсоор алдаршсан энэхүү шагнал нь энэ жилийн Нобелийн цуврал шагналын сүүлийнх юм.
Клаудиа Голдин "Жирэмслэлтээс хамгаалах эм эмэгтэйчүүдийн ажил мэргэжил, гэрлэлтийн шийдвэрт хэрхэн нөлөөлдөг, гэрлэсний дараа овгоо өөрчлөх нь хэрхэн нийгмийн үзүүлэлт болдог, яагаад бакалаврын оюутнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа" шалтгаануудын талаар анхны дэлгэрэнгүй судалгааг хийжээ. Түүний 1990 онд гаргасан “Хүйсийн ялгааг ойлгох нь: Америкийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн түүх” ном нь цалингийн тэгш бус байдлын үндсийг судалсан, асар нөлөө бүхий судалгаа болсон байна. Тэрбээр АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо, АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн, Америкийн Философийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 эмэгтэй эдийн засагчдын нэг аж.
2022 оны Эдийн засгийн салбарын шагналыг "Санхүүгийн хямралын үед банкуудын гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг эрс сайжруулсан. Банк дампуурахаас зайлсхийх нь яагаад амин чухал вэ" гэдгийг тодорхойлсон Бен С.Бернанке, Дуглас В.Даймонд, Филипп Х.Дибвиг нар хүртэж байв.
Альфред Нобелийн гэрээслэлд Эдийн засгийн салбарын шагналын талаар тодорхой тусгаагүй байсан бөгөөд Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагнал гэж албан ёсоор нэрлэдэг байна. Эдийн засгийн салбарын шагналыг Шведийн Төв банк 300 жилийн ойдоо зориулан 1968 онд санаачилж, анхны шагналыг 1969 онд гардуулж байжээ.
Нобелийн шагнал нь динамитыг нээсэн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос жил тутам олгож эхэлсэн олон улсын хамгийн нэр хүндтэй шагнал бөгөөд физик, хими, биологи-анагаах ухаан, уран зохиол, энх тайван, эдийн засгийн салбарт олгодог.