logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    “CES-2023” технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 05 15:10
    231
    “CES-2023”-д дэлхийн томоохон 323 компани оролцож байна

    Технологийн ертөнцийн томоохон үйл явдлуудын нэг “CES-2023” (Consumer Electronics Show) үзэсгэлэн АНУ-ын Лас Вегас хотноо нээлтээ хийлээ. Дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог энэхүү үзэсгэлэнд 173 улс 3200 гаруй бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна. “CES”-ийг “Хамгийн шинэлэг технологи, инновацыг бүтээгчдийн цугларал” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ онд дэлхийн томоохон 500 компаниас 323 нь оролцож байгаа аж.

    Энэ удаагийн үзэсгэлэнд автомат жолоодлоготой трактор, цахилгаан автомашин зэрэг технологийн дэвшлүүдийг онцлохоор байна. Тухайлбал: автомашин үйлдвэрлэгчид ойрын хугацаанд хөрөнгө оруулалтын үр өгөөжөө өгөх технологиудыг танилцуулахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл ашиг, практикт суурилсан шийдлүүд хамгийн анхаарал татахаар байна.

    Энэхүү үзэсгэлэнд “BMW” компани дижитал үйлчилгээнд тулгуурласан концепт автомашинаа танилцуулна. Харин “General Motors”, “Mercedes Benz”, “Volvo” компаниуд цахилгаан хөдөлгүүртэй шинэ загваруудаа танилцуулах төлөвтэй байна. Мөн “Stellantis” компани “Ford”-ийн “F-150 Lightning” загвартай өрсөлдөх пикап ангиллын концепт автомашинаа үзүүлэх юм.

    230105123610-vehicle-afeela-sony.jpg

    Үзэсгэлэнгийн үеэр Японы “Sony” болон “Honda Motor” компани хамтран хөгжүүлсэн цахилгаан хөдөлгүүртэй “Afeela” хэмээх шинэ брэндийнхээ туршилтын загварыг үзүүлжээ. Энэ нь “Tesla” зэрэг томоохон тоглогчидтой ширүүн өрсөлдөөн ид өрнөж буй зах зээлд ихээхэн хүлээлт бий болгохоор байна. “Afeela” брэндийн эхний бүтээгдэхүүний захиалга 2025 оны нэгдүгээр хагаст эхлэх бөгөөд хоёрдугаар хагаст зах зээлд нийлүүлэх аж.

    Туршилтын загварт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой 45 камер, радар, хэт авианы мэдрэгчийг байрлуулжээ. Түүнчлэн 5G сүлжээ, “3D” компьютер тоглоомын графикт ашигладаг “Epic Games”-ийн “Unreal Engine” системийг нэвтрүүлснээр энтертайнментаас гадна хөдөлгөөний аюулгүй байдал, харилцаа холбоо зэрэгтэй холбоотой мэдээллүүдийг дүрсжүүлэх юм байна.

    fbac227aca4e030e596f7dae2af0b6cb.jpg

    Үүнээс гадна “Samsung Electronics” компани гэрийн ухаалаг удирдлагын системээ танилцууллаа. “Smartthings Station” хэмээх энэхүү төхөөрөмж нь хэрэглэгчийг гэрийнхээ гэрэл, түгжээ, дулаан зэргийг удирдах боломж олгох юм. Хэрэглэгч гар утас эсвэл таблетаа ашиглан интернэтээр төхөөрөмжтэй холбогдож, утасгүйгээр удирдах ажээ.

    Төхөөрөмжийн үнэ 80 ам.доллар байна гэдгийг тус компани мэдэгдээд байна. Энэ төрлийн төхөөрөмжийн үйлчилгээг “Apple”, “Amazon”, “Google” компани өмнө нь санал болгож байсан ч давхар гар утас цэнэглэгчийн үүрэг гүйцэтгэх боломжтой, илүү олон функцтэй байгаа аж.

    “CES-2023” үзэсгэлэнгийн үеэр 200 гаруй бага хурал, дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгуулагдах бөгөөд 750 орчим илтгэгч оролцоно. Дөрөв хоногийн турш үргэлжлэх үзэсгэлэнд 100 мянга гаруй хүн зочилно гэж зохион байгуулагчид тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих