
Зургийг: James Park/Bloomberg
"Huawei Technologies"-ийн хамгийн сүүлд гаргасан ухаалаг гар утас долоон нанометрийн дэвшилтэт чипээр тоноглогдсон байгааг "Bloomberg" болон "TechInsights" техникийн шинжилгээгээр тогтоожээ. Тодруулбал: “Mate 60 Pro” ухаалаг гар утсанд тус улсын шинээр үйлдвэрлэсэн "Kirin 9000s" чип ашигласан байгаа нь БНХАУ АНУ-ын тавьсан технологийн хориг арга хэмжээг даван гарахад ахиц гаргаж эхэлсний дохио болсон байна.
БНХАУ-ын "Semiconductor Manufacturing International Corp" (SMIC) тэрхүү чипийг үйлдвэрлэхдээ долоон нанометрийн дэвшилтэт технологийг анх удаа ашигласан нь энэ аж. Хэдийгээр БНХАУ хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагчийн технологиос хэдий тав гаруй жилээр хоцорч байгаа ч долоон нанометрийн чипийг наанадаж хязгаартай тоогоор үйлдвэрлэх боломжтой гэдгээ үүгээр харуулсны зэрэгцээ Бээжин энэ чухал салбарт бие даах зорилтдоо нэг алхам ойртсон явдал болжээ.
“SMIC” болон “Huawei” дээрх чипийг бөөнөөр, мөн боломжийн өртгөөр үйлдвэрлэж буй эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
АНУ өнгөрсөн оны экспортын хоригийнхоо хүрээнд БНХАУ-ыг 14 нанометрийн чип ашиглах боломжийг хязгаарлах, өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн үеийн технологиос найм орчим жилээр хоцроох арга хэмжээ авч байв. Мөн "Huawei Technologies" болон "SMIC" компаниудыг “Хар жагсаалт”-даа оруулаад байсан юм.
Судалгааны үр дүн гарсны дараа Хонгконгийн биржид арилжаалагддаг “SMIC”-ийн хувьцааны ханш 11 хувиар өссөн нь 2021 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт болжээ.
Дэлхийн технологийн томоохон компаниудын бүтээгдэхүүний эд ангид нарийвчилсан шинжилгээ хийдэг "TechInsights" компани шинэ "Mate 60 Pro" гар утсыг задалж үзээд дээрх “нээлт”-ийг хийсэн байна. "Huawei" компани өнгөрсөн долоо хоногт шинэ загварын гар утсаа дуулиан шуугиангүйгээр танилцуулахдаа процессорын дизайн, холболтын хурд зэрэг гол үзүүлэлтүүдийг нь ил болгоогүй юм. Тест хийж үзэхэд "Mate 60 Pro" гар утасны холболтын хурд нь “iPhone 14” зэрэг 5G дэмждэг гар утаснуудынхтай дөхөж очиж байгааг "Bloomberg" өмнө нь мэдээлж байв.
"Энэ бол БНХАУ-ын хувьд нэлээд чухал мэдэгдэл. “SMIC”-ийн технологийн дэвшил эрчимжих замдаа орж, долоон нанометр технологи үйлдвэрийн гарцад нөлөөлөх асуудлыг засаж чадсан шинжтэй байна" хэмээн "TechInsights"-ийн ТУЗ-ийн Дэд дарга Дэн Хачесон өгүүлжээ.