Төв банкнуудын бодлогын хүүгийн шийдвэр энэ долоо хоногт танилцуулах хүлээлттэй байгаа энэ үед газрын тосны үнэ баррель нь 71 ам.долларт хэлбэлзэж байна. Түүнчлэн Хойд Америкийн дамжуулах гол хоолойд эвдрэл гарсан нь үнийн өөрчлөлтөд нөлөөлсөөр байгаа аж.
“TC Energy” компани Канадын олборлогчдыг АНУ-ын боловсруулах үйлдвэрүүдтэй холбосон “Keystone” дамжуулах хоолойг засварлах ажлыг эрчимтэй хийж байгаа ч одоогоор хоолойг дахин хэзээ нээх нь тодорхойгүй хэвээр байна гэж өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
Эрэлтийн хүлээлт буурч, хөрвөх чадвар суларснаар боловсруулаагүй газрын тосны үнэ 2019 оны дунд үеэс хойш анх удаа хоёр улирал дараалан бууралттай байх төлөвтэй болсон байна. Мөн энэ сараас ОХУ-ын газрын тосны тээвэрлэлтэд тавих хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэх учраас саад тотгор ихтэй байхаар байгаа аж. Хэдий тийм боловч эрэлтийн төсөөлөл, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрал зэрэг нь газрын тосны үнийн хэлбэлзэлд голлон нөлөөлсөн хэвээр байна.
ОХУ-ын түүхий газрын тосны үнийн дээд хязгаар болон холбоотой бусад хязгаарлалтуудын нөлөөгөөр Туркийн нэн чухал усан замуудад газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудын бөөгнөрөл үүсээд байв. Гэхдээ өнгөрсөн бямба гарагт Босфорын хоолой, Дарданеллын хоолойгоор гарахаар хүлээж байсан хөлөг онгоцнуудын тоо 27 болж нэмэгдээд байсан ч ням гарагт 19 болж буурсан гэж албаныхан мэдээлжээ.
ОХУ-ын газрын тосны экспортыг хязгаарлах бодлогыг санаачилсан гол хүмүүсийн нэг болох АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хоригоос гарсан үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдээд байгаа юм. Харин Ойрх Дорнодын төлөөлөл Саудын Араб улсын Эрчим хүчний сайд үнийн хязгаарлалтын нөлөөг одоогоор тодорхой хэлэх боломжгүй гэжээ.
Үүний зэрэгцээ боловсруулаагүй газрын тосны импортоор дэлхийд тэргүүлдэг БНХАУ-д COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо сулруулахаар болсон нь эрэлт дахин нэмэгдэх хүлээлт үүсгээд байна.