БНАСАУ ОХУ-д зэвсэг нийлүүлж байгаа талаар АНУ-ын мэдээллийг Пёньян ор үндэсгүй гэж мэдэгдлээ. Тодруулбал: БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд тус улс ОХУ-д зэвсэг нийлүүлээгүй бөгөөд цаашид ч нийлүүлэх төлөвлөгөөгүй байгааг онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт БНАСАУ ОХУ-д Украины дайнд ашиглах их бууны сум нийлүүлсэн гэж мэдээлсэн аж. Хэдий тийм боловч одоогоор зэвсгийн худалдаа явуулсан талаар баттай нотлох баримт АНУ-ын талаас дэлгээгүй байна.
Зэвсгийн худалдаагаар дамжуулан БНАСАУ ОХУ-аас шаардлагатай бэлэн мөнгө, газрын тос болон цаашлаад цөмийн зэвсгийн хөтөлбөртөө хэрэглэх технологи авсан байж болзошгүй гэж өрнөдийн орнууд үзэж байна. Хэрэв энэ төрлийн солилцоо хийсэн нь үнэн бол хоёр улсыг холбодог цорын ганц төмөр замаар хийгдсэн байх магадлалтай гэжээ. Өнгөрсөн баасан гарагт тус улсын төмөр замаар сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа галт тэрэг явсан гэдгийг хиймэл дагуулын зурагт буулгасан байна.
2020 онд Ким Жон Ун COVID-19-ийн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд төмөр замынхаа хөдөлгөөнийг хаагаад байсан юм. Хэрэв ямар нэгэн байдлаар зэвсэг тээвэрлэсэн нь тогтоогдвол БНАСАУ-ын эсрэг тавьсан НҮБ-ын хоригийг зөрчсөн явдал болох аж.
Ким Жон Уны хувьд Украины дайн эхэлсэн мөчөөс эхлэн ОХУ-ыг дэмжиж байгаагаа нээлттэй илэрхийлээд байгаа бөгөөд БНАСАУ нь Кремлийн бүрэлдэхүүндээ нэгтгэсэн Донецк болон Луганскийн Бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрсөн цөөн улсын нэг юм.
ОХУ-ын хувьд ч мөн адил НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх санал өгөх эрхийг ашиглан БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний хүчийг сулруулахыг оролдсоор иржээ. Үүний үр дүнд 2022 онд БНАСАУ пуужингийн туршилтын хөтөлбөрөө дахин эхлүүлээд байгаа юм. АНУ, БНСУ болон Японы холбоотнууд Ким Жон Ун цаашид цөмийн туршилт хийж магадгүй гэж сэрэмжлүүлээд байгаа бол Пёньян шинэ хориг арга хэмжээг ОХУ саатуулна гэж найдсаар байна.