
Зургийг: voanews.com
Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ тавдугаар сард эрс буурсан байх төлөвтэй байгааг “SXCoal” мэдээллээ. Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн найман сарын доод түвшинд хүрээд байгаа юм. Үүнд нүүрсний үнэ буурсан, эрэлт бага байгаа зэрэг нь нөлөөлж байгаа аж.
“SXCoal”-ийн мэдээллээр тавдугаар сарын 1-22-ны өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмодбоомтоор өдөрт дунджаар 669 автомашин нэвтэрсэн бөгөөд дийлэнх нь коксжих нүүрсний тээвэр байжээ. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших доод түвшин боллоо. Өмнөх саруудыг харвал гуравдугаар сард дээрх боомтоор өдөрт дунджаар 945 автомашин, дөрөвдүгээр сард өдөрт дунджаар 829 автомашин нэвтэрсэн нь буурах чиглэлтэй байсныг харуулж байна.
Тавдугаар сарын 1-22-нд нүүрс тээврийн 10 мянга 701 автомашин боомтоор нэвтэрсэн нь өмнөх сарын үзүүлэлт буюу 14 мянга 872 автомашин нэвтэрч байснаас 28 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа аж.
Монгол Улс энэ онд БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Харин БНХАУ-ын талд коксжих нүүрсний үнэ унаж, дотоодын уурхайнуудынх нь нөөц өндөр түвшинд байсаар байна. Түүнчлэн Монголын коксжих нүүрсийг арилжаалдаг арилжаа эрхлэгчид ашиг олохгүй байгаагаас үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа аж.
“SXCoal”-ийн судалгаагаар БНХАУ-ын уурхайнууд дахь түүхий коксжих нүүрсний нөөц найман долоо хоногийн турш тасралтгүй буюу нийт 91.9 хувиар өссөн байна. Угаасан коксжих нүүрсний нөөц ч өссөөр байгаа ажээ.
Үүнээс гадна БНХАУ-ын Австралиас авах эрчим хүчний нүүрсний хэмжээ тавдугаар сард өмнөх сараасаа 50 гаруй хувиар өсөж, 0.43 сая тонн хүрсэн байна. Энэ нь Монголын нүүрсний эрэлт БНХАУ-д буурахад нөлөөлж байгааг “SXCoal” тодотголоо.