
Зургийг: Manjunath Kiran/Getty Images
БНЭУ хүн амынхаа тоогоор БНХАУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсныг НҮБ мэдээллээ. Энэтхэг улсын хүн ам 1.428 тэрбум хүрсэн нь БНХАУ-ын хүн ам болох 1.425 тэрбумаас илүү гараад байгааг НҮБ-ын "World Population" хяналтын самбараас харж болохоор байна.
БНЭУ-ын хөдөлмөрийн зах зээл хөдөө аж ахуйгаас холдож буй шилжилтийн цаг үетэй хүн амын эрчимтэй өсөлт ийнхүү давхацсанаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газарт сая сая ажлын байр шинээр бий болгох яаралтай шаардлага бий болж байна.
Хүн амынх нь тал хувийг 30-аас доош насныхан бүрдүүлдэг Энэтхэг улс ирэх жилүүдэд томоохон эдийн засагтай орнууд дундаас өсөлтийн эрчээрээ тэргүүлэх төлөвтэй байгаа юм.
Азийн гурав дахь том эдийн засагтай БНЭУ-д өдгөө нийт хүн төрөлхтний 20 гаруй хувь амьдарч байгаа нь Европ, Африк, Америк тивүүдийн хүн амаас тус тус давж байна. Хэдийгээр БНХАУ-ын хүн амын тоо одоогоор ойролцоо хэвээр байгаа ч 2050 он гэхэд Энэтхэгийн хүн ам 1.668 тэрбум хүрэх төлөвтэй байгаа бол БНХАУ-ын хүн ам буурч, 1.317 тэрбум болох төлөвтэй байна.