logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Зээлийг хумьж, инфляцыг хөөрөгдөж болзошгүй төсвийн тэлэлт ба зэсийн үнийн "базаахгүй" төлөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 02 10:10
    461

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    БНХАУ хүчин чадлын илүүдлээ багасгахын тулд зэсийн үйлдвэрлэлдээ хязгаарлалт тогтоох төлөвтэй

    Төсвийн төсөлд тусгаснаар ирэх онд 25.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийн тулд түүхий эдийн ханшид ихээхэн найдлага тавих шаардлагатай болж байна. Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортод жин дардаг зэсийн үнийн ойрын хугацааны төлөв нь төсвийн өөдрөг төсөөлөлтэй хэр нийцэж байна вэ?

    Зэсийн өөдрөг төсөөлөл

    Ирэх онд Монгол Улсын эдийн засаг долоон хувиар буюу Дэлхийн банк, ОУВС-ийн төсөөллөөс өндөр дүнгээр өсөж, мөн уул уурхайн салбарын орлого төсвийн нийт орлогын 29 гаруй хувийг бүрдүүлнэ гэж Сангийн яам тооцоолсон нь түүхэндээ байгаагүй өндөр орлого төлөвлөснийг тайлбарлах шалтгаан болж байна.

    Төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтээс харвал эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсөвт тодотгол хийх эрсдэлд хүргэж болзошгүй байгаа бол Монголын Эдийн засгийн клубээс төсвийн хэт тэлэлт нь инфляцыг хөөрөгдөх, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулах нөхцөл үүсгэнэ гэж дүгнээд буй.

    unnamed (22).jpg

    Зэсийн экспортын хувьд Оюутолгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, баяжмал дахь зэсийн агууламж нэмэгдсэнээр 2024 онд нийт зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.5 сая тоннд хүрнэ гэж Сангийн яам төсвийн төсөлдөө тусгасан байна.

    Уламжлал тасрав

    “S&P Global”-ийн тооцоолсноор 2035 он гэхэд зэсийн эрэлт хоёр дахин нэмэгдэхээр байгаа ч ойрын хугацаандаа дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн тодорхойгүй байдлын нөлөөлөл ихээхэн мэдрэгдэх нь. Ихэвчлэн IX, X саруудад БНХАУ-ын зах зээлд эрэлт нэмэгддэг уламжлал тогтоод байгаа ч энэ оны хувьд эсрэгээрээ удааширч, хэдхэн өдрийн өмнө үнэ нь сүүлийн 11 сарын доод түвшин буюу 7856 ам.доллар/тонн болж унаад эргэн сэргэсэн байна.

    unnamed.jpg

    Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийнх нь сунжирсан хямрал БНХАУ-ын зэсийн нийт эрэлтийн 25 орчим хувийг бүрдүүлдэг бүтээн байгуулалтыг удаашруулсан нь зэсийн эрэлт сулрахад голчлон нөлөөлж байна. Харин 16 хувийг нь бүрдүүлдэг хэрэглээний бараа, бүтээгдэхүүний салбар мөн л эдийн засгийн тодорхойгүй байдлын нөлөөллийг амсаж байгаа аж.

    Бүр ч муу мэдээ

    Богино хугацааны сул үзүүлэлтээс илүүтэй санаа зовоож буй нэгэн муу мэдээ нь Бээжингийн эрх баригчид боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлын илүүдлийг багасгах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах үүднээс зэсийн үйлдвэрлэлдээ хязгаарлалт тогтоох төлөвлөгөөг хэлэлцэж буй явдал болж байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн “Bloomberg”-т өгсөн мэдээллээр хязгаарлалт ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжиж магадгүй байгаа бөгөөд энэ нь зэсийн дэлхий даяарх худалдааг эрс өөрчлөх ч бололцоотой алхам байх аж.

    Хүчин чадлын зогсолтгүй тэлэлтийг хангахын тулд БНХАУ зэсийн хүдрийг дээд хэмжээгээр импортолж, энэ нь боловсруулсан зэсийн худалдан авалтыг хумьж эхэлсэн тул үйлдвэрүүд гадаадын ханган нийлүүлэгчдээс хэт хамааралтай болох болгоомжлол үүсээд байгааг онцолжээ. Тус улс нийлүүлэлтийг зохицуулах үүднээс бусад тавааруудад хязгаарлалт тогтоож байсан түүх ч бий. Тухайлбал: хөнгөн цагааны үйлдвэрлэлд тогтоосон 45 сая тонны тааз 2017 оноос хойш хэрэгжиж байгаа бол газрын тос боловсруулалтын нэг тэрбум тонны хязгаарлалт 2025 оноос хэрэгжиж эхлэхээр байгаа юм.

    Cэтгэгдэл бичих