logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Цаашид улам их халах нь. Иймд стартапууд сэрүүцүүлдэг хувцас зохион бүтээж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 05 14:30
    672

    Зургийг: Courtesy of Techniche

    "Хүмүүс зүгээр л гудамжаар алхахдаа мэдрэгчтэй сэрүүцүүлэгч хувцас өмсдөг болох цаг ирнэ. Тэр нь маргааш биш. Нөгөөдөр ч биш. Гэхдээ л зайлшгүй ирнэ"

    Катарт барилга барьж буй олон мянган ажилчин өглөө бүр ажилдаа гарахын өмнө ажлын хувцсаа усанд булхдаг. Хоёр минут үргэлжлэх энэхүү "зан үйл" нь чухал нэгэн үйл явцын эхлэл болдог. Цельсийн 48 хэм хүрдэг зуны халуунд гадаа ажиллах үед ажлын хувцас нь тэдний арьсны хэмийг долоо орчим цагийн хугацаанд найм хүртэлх хэмээр бага байлгах чадалтай.

    Ажлын хувцсыг Их Британийн "Techniche UK" хэмээх стартап үйлдвэрлэдэг бөгөөд "StayQool" гэдэг брэнд нэртэй аж. Тусгайлан загварчилсан торон бүтэц бүхий гадартай, ус нэвтэрдэггүй дотортой тус хувцас нь дулааныг шингээж, ууршилтаар дамжуулан гадагшлуулдаг байна. Мөн ажилчид өөртөө тохируулан өөрчлөх боломжтой. Тухайлбал: шаардлагатай үедээ хувцасны зах, ханцуйг нь салгаж, эсвэл буцаан залгаж болох аж.

    Халуунаас хамгаалахаар загварчилсан хувцас үйлдвэрлэлд боломж эрэлхийлж буй нь ганцхан “Techniche” биш аж. 2023 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун жил болохоор байгаа энэ үед хэд хэдэн стартап хүнийг сэрүүцүүлэх зориулалттай шинэ технологи, материалууд туршиж байна. АНУ-д сэрүүцүүлэгчийн (AC) ажиллах зарчмыг ашиглан хувцас үйлдвэрлэх технологийг бизнес болгох ажил үргэлжилж байгаа бол БНХАУ-ын эрдэмтэд нарны гэрлийг ойлгох чадвар маш өндөртэй даавуун материал бүтээж байна.

    Хэт халалт нь зөвхөн тухгүй төдийгүй хүний эрүүл мэнд, улс орны эдийн засагт муу нөлөөтэй. Халуунаас шалтгаалсан тавгүйрхэл (heat stress) нь ялангуяа хүүхдүүд, өндөр настнуудад аюултайгаас гадна өвчин хуучийг хүндрүүлэх ч боломжтой аж. 2021 онд халалтын нөлөө дэлхийн хэмжээнд хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт боломжит 470 сая ажлын цагийн хохирол учруулсан гэж “The Lancet” сэтгүүл судалгаандаа дурджээ.

    Халалтын мөчлөг ирэх жилүүдэд илүү олон давтамжтай болж магадгүй байгаа нь "Techniche" зэргийн компаниудад өсөлтийн боломж болох юм. Өдгөө тус стартап сэрүүцүүлэх технологи бүхий хантааз, малгай, хүзүүний ороолт болон бусад хувцсыг дэлхийн 30 гаруй орны компаниуд, хувь хүмүүст борлуулж байна. Анхны бүтээгдэхүүн болох сэрүүцүүлдэг саравчтай малгайгаа гаргаж байсан 2014 онд тус компани 150 мянган фунт стерлингийн орлого олж байсан бол өнгөрсөн онд орлого нь бараг долоон сая фунт  буюу 8.8 сая ам.доллар хүрч өсжээ.

    Одоогоор "Techniche" ажилтны биометрийн үзүүлэлтийг хянаж, халалтаас болж эрүүл мэндэд нь аюул учрах эрсдэлийг урьдчилан тооцоолдог ухаалаг мэдрэгчээр тоноглосон сэрүүцүүлэгч хантааз хөгжүүлж байгаагаа мэдээллээ.

    "Хүмүүс зүгээр л гудамжаар алхахдаа мэдрэгчтэй сэрүүцүүлэгч хувцас өмсдөг болох цаг ирнэ. Тэр нь маргааш биш. Нөгөөдөр ч биш. Гэхдээ л зайлшгүй ирнэ" хэмээн тус компанийн Хамтран үүсгэн байгуулагч Жэймс Расселл онцолж байна.

     

    Коко Лиу

    Cэтгэгдэл бичих