
Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр Монголын талаас Жамбалдоржийн Таныг томилон ажиллуулахаар болсныг Засгийн газар мэдэгдлээ.
Ж.Тана нь Оксфорд, Харвардын их сургуульд боловсрол эзэмшиж, “Rio Tinto” болон “McKinsey & Company”-ийн Казахстан дахь салбарт ажиллаж байжээ. Тэрбээр уул уурхай болон төрөлжсөн байгалийн баялгийн салбарын компаниудад стратеги, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн байна.
Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга мэдээлж байв.
“Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн найман гишүүний дөрөв нь Монголын талыг төлөөлж байгаа юм. Тухайлбал: Ж.Танаас гадна Элчин сайд асан Г.Батсүх, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, мөн тус компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан нар ажиллаж байна.