
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын Засгийн газрын бондын худалдан авалт нэмэгдсэн нь Төв банкных нь санхүүжилтийн нөхцөлийг сул хэвээр хадгалахад хүндрэл учруулж байна.
БНХАУ-ын Сангийн яам есдүгээр сард 1.2 их наяд юань буюу 164 тэрбум ам.долларын Засгийн газрын бонд арилжсан байна. Энэ нь 2023 оны хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд сүүлийн гурван жилийн мөн үеийн дунджаас 60 хувиар өндөр байгааг “Bloomberg”-ийн статистик харуулж байна.
БНХАУ өнгөрсөн долоо хоногт таван жилийн хугацаатай бонд нэмж гаргаснаар худалдан авалт нь нэмэгдээд байгаа юм.
Экспорт сул хэвээр, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт гүнзгийрч буй энэ үед БНХАУ-ын Сангийн сайд эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд зардлаа нэмэгдүүлнэ гэж амласны дараа бондын арилжаа нэмэгдээд байгаа аж.
Нийлүүлэлтийн өсөлт Засгийн газрын жишиг бондын өгөөж сүүлийн дөрвөн сарын дээд түвшинд хүрэхэд нөлөөлжээ. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ зээлийн хүүг бага байлгахад анхаарч байгаа тус улсын Төв банкны тэнцвэржүүлэх бодлогын илрэл болж байна.