
Зургийг: Alex Kraus/Bloomberg
Европын Төв банк бодлогын хүүгээ дахин 25 суурь нэгжээр өсгөж, 3.5 хувьд хүргэлээ. Ийнхүү бодлогын хүүгийн түвшин нь 20 гаруй жилийн дээд цэгт хүрээд байна. Мөн "Ирэх долоодугаар сард бодлогын хүүгээ өсгөх магадлал тун өндөр" гэж Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ.
Кристин Лагард хамгийн сүүлд Евро бүсэд инфляц "маш урт хугацааны турш хэтэрхий өндөр түвшинд" байгаа учир бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх дохиог зах зээлд өгөөд байсан юм.
Үүнээс гадна Европын Төв банк инфляцын төсөөллөө танилцууллаа. 2025 онд инфляц 2.2 хувьд хүрч алгуур буурна гэж тооцоолж байна. Энэ нь Европын Төв банкны зорилтот түвшин болох хоёр хувиас өндөр дүн боловч одоогийн түвшнээс гурав дахин бага дүн болж байгаа юм. Инфляцын түвшин болон эдийн засгийн өсөлтийн төлөв тодорхойгүй нөхцөл байдалд байсан хэвээр байна гэж үзэж байна.
Ийнхүү энэ долоо хоногт томоохон Төв банкнууд бодлогын хүүгийн өсөлт үргэлжлэхээр байгааг баталснаар мөнгөний чанга бодлогоос эдийн засагт учруулах хохирол хэтрэх вий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд нэмэгдэж байна.
Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард
"Ингээд дууссан уу? Бодлогын хүүгээ өсгөж болсон уу? гэвэл үгүй. Бид зорилгодоо хүрээгүй байна. Дахин өсгөх хэрэгцээ байна уу гэвэл тийм. Өсгөх орон зай байна. Тухайлбал: өнөөгийн үүссэн нөхцөл байдлыг харвал бодлогын хүүгээ долоодугаар сард ч дахин өсгөх шаардлага байна. Энэ нь ч та бүгдийг тийм ч гайхшруулахааргүй зүйл байх"