
Олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг хамгийн өндрөөр тогтоосон нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) болж байна. Харин оны хоёрдугаар хагаст тус банкны төсөөлөл хэрхэн өөрчлөгдөв?
Ахиулан тогтоов
БНХАУ-ын зах зээл дэх түүхий эдийн эрэлт, Тавантолгойн уурхайг БНХАУ-тай холбосон шинэ төмөр зам, Оюутолгойн гүний уурхайн олборлолтын эхлэл зэрэг хүчин зүйлсийг харгалзан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн энэ оны төсөөллөө өмнөхөөсөө хоёр нэгж хувиар ахиулан, 7.2 хувьд, 2024 оны төсөөллөө долоон хувьд тогтоожээ.
Мөн аялал, жуулчлалын салбар бүрэн сэргэж, зочлохуйн салбар болон ноолуур үйлдвэрлэлийн сайн үзүүлэлтэд дэм болж буйг онцолсон байна. Экспортын өсөлт, уул уурхайн болон аялал, жуулчлалын салбар дээрх төсөөллийг бэхжүүлэх магадлалтай ч дэлхийн зээлийн нөхцөл чангарч, БНХАУ-ын эдийн засаг удааширсан нь гол эрсдэл болно гэж үзэж байгаа аж.
Төв Азийн хувьд
Төв Азийн эдийн засаг 2023 оны эхний хагаст өндөр өсөлт үзүүлсэн нь олон улсын худалдаа, аялал жуулчлал сэргэсний зэрэгцээ ОХУ-аас шилжин ирэгсэд нэмэгдэж, мөнгөн гуйвуулга ихэссэнтэй холбоотой гэж Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк тайландаа дурджээ.
Тус бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 5.7 хувиар, 2024 онд 5.9 хувиар өсөх төлөвтэй гэж үзсэн байна.
Бүсийн орнуудын Засгийн газрын зарцуулалт нэмэгдсэн, БНХАУ хилийн хязгаарлалтуудаа цуцалсан, компаниуд ОХУ-аас бизнесээ шилжүүлэх болсон зэргээс үүдэн энэ өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Хэдий тийм боловч зээлийн хүү өндөр байгаа нь тус бүс нутагт хөрөнгө оруулалт хийх сонирхол, хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж болзошгүйг онцолжээ.
БНХАУ-ын нөлөө их
Мао Зэдуны үеэс хойш анх удаа гурван жил дараалан таваас доош хувийн өсөлттэй гарах төлөвтэй байгаа БНХАУ-ын эдийн засаг бүс нутгийн өсөлтөд ихээхэн нөлөөлөхөөр байна.
БНХАУ-ын эдийн засаг нэг хувиар агших нь Монгол Улсын эдийн засаг 0.25 хувиар агшихад нөлөөлөхөөр байгаа судалгаа гарсныг “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн Дэд захирал Г.Энхбат онцолж байв. БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилээс хамгийн өндөр хамааралтай улс нь Сингапур, Вьетнам, Камбож байгаа бол Монгол Улс энэ үзүүлэлтээр дунд хэсэгт бичигдэж байгаа аж.