
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд автозамаас гадна 233.6 км зайд төмөр замаар тээвэрлэлт хийх боломжтой болсноор нүүрс тээврийн өртөг 46.8 ам.доллароос 12.1 ам.доллар болж, 3.8 дахин буурахаар байна.
Улс төрийн асуудлаас шалтгаалж 10 гаруй жил хойшилсон энэхүү төмөр зам тэр даруй бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэсэн үг хараахан биш юм. Төмөр замын зүгшрүүлэх 36 сар буюу гурван жилийн хугацаанд ачилтын байгууламжууд болон хилийн боомтуудыг төмөр замаар холбох ажил үргэлжлэхээр байна. Тухайлбал: Тавантолгойн нүүрс ачих төв болон Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт хүлээгдэнэ.
Одоогоор шинэ төмөр замын эхний 25 жилийн тээврийн төлөвлөлтийг хийгээд байгаа аж. Энэ тооцоогоор ашиглалтад орсноос хойш 17 жилийн дотор зардлаа нөхөх тооцоотой байна. Задлаад харвал 2022-2025 онд жилд 10 сая хүртэл тонн, 2035 он гэхэд 20 сая тонн, 2041 он гэхэд 50 сая тонн хүртэлх тээвэрлэлт хийдэг болно гэж тооцоолж байна.
Харин Ганцмод-Гашуунсухайт боомтыг холбох ажил одоогоор зураг төслийн явц дээрээ байгаа юм. 2023 оны гуравдугаар сард бүтээн байгуулалтыг эхлэхээр зорьж байна. Үүнээс хойш 24-28 сард төмөр замын холболтын ажил үргэлжлэх юм.
Хэдий тийм боловч үүнийг дагаад уурхайнууд олборлолтоо нэмэгдүүлэх, холбогдох бүтээн байгуулалтуудыг цагт нь дуусгах, худалдан авагч талд эрэлт хангалттай байх гээд олон асуудлыг цаашид анхаарахаар байна. Энэ төмөр замыг ашиглан "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой", "Энержи ресурс" компаниудын нүүрсийг тээвэрлэх боломжтой болно. Дэлхий даяар нүүрсний салбарын хөрөнгө оруулалт буурч буй энэ үед кокс, химийн бүтээгдэхүүн зэрэг дайвар бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэхэд мөн анхаарах шаардлагатай.
Хүнд даацын энэ төмөр замаар жилд 30-50 сая тонн буюу Монгол Улсын нийт чулуун нүүрсний экспорттой дүйцэх хэмжээний нүүрс тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Монгол Улс цар тахлын өмнөх үед жилдээ дунджаар 30 сая гаруй тонн нүүрс экспортолж байсан юм.
Мөн жилд дунджаар 44.2 сая ам.долларын татварын орлого оруулна гэж "Тавантолгой төмөр зам" компани мэдэгдээд байна.
Цаашид экспортыг нэмэгдүүлье гэвэл гадаад зах зээлээ мөн харгалзан үзэх шаардлагатай болно. Эрчим хүчний хямралтай холбоотойгоор яг одоо нүүрсний хэрэглээ нэмэгдэж байна. БНХАУ-ын дулааны нүүрсний эрэлт 2023 онд дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна гэж "Wood Mackenzie"-ийн шинжээчид тооцоолжээ. Тус улсын эрчим хүчний нүүрсний эрэлт долоодугаар сард 322.9 сая тонн болж өнгөрсөн сараасаа 10 орчим хувиар өссөн байна. Хэдий тийм боловч дунд хугацаандаа эрэлт бага зэрэг буурах хандлагатай байгааг тодотголоо.
Үнийн хувьд ч дунд хугацаандаа буурах төлөвтэй байна. Гэхдээ 2020 оны түвшнээс дээш хадгалагдахаар байгаа аж. Учир нь БНХАУ-ын Засгийн газар нүүрсний үнэ огцом унахаас сэргийлж дотоодын нийлүүлэлтээ зохистой хэмжээнд барина гэж шинжээчид үзэж байна. Үнэ нь дунджаар тонн нь 90 ам.доллар байх төлөвтэй байна.
Түүнчлэн БНХАУ 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа тэнцвэржүүлэх зорилт танилцуулснаар нүүрсний экспортоо аль болох эрт нэмэгдүүлэх нь чухал байгаа аж. Мөн манай улсын гол нүүрс худалдан авагч нүүрсний хэрэглээгээ огцом бууруулахаас өмнө Монгол Улс эдийн засгаа болон экспортоо төрөлжүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа юм.