
Монголбанк есдүгээр сард 2.4 тонн алт худалдан авсан нь өмнөх сараас буурсан ч өмнөх оны мөн үеэс үл ялиг өссөн байна.
2022 он гарсаар наймдугаар сард худалдан авсан үнэт металл буюу алтны хэмжээ хамгийн өндөр түвшиндээ хүрч, 2.9 тонныг худалдан авч байв.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1.7 тонн, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс нэг тонн үнэт металл тус тус худалдан авчээ.
Есдүгээр сарыг оруулан тооцсоноор Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 15 тонн давсан нь өмнөх оны мөн үеэс нэг хувиар өссөн үзүүлэлт боллоо. 2021 оны эхний есөн сард 14.9 тонн алт худалдан авч байсан бол 2020 онд 17.1 тонн хүрч байжээ.
Олон улсын зах зээл дэх алтны ханшийн дагуу Монголбанкны худалдан авах үнэ тогтоогддог. Есдүгээр сард худалдан авсан үнэт металлын дундаж ханш нэг грамм нь 184 мянга 565 төгрөг байсан нь сүүлийн таван сарын хугацааны хамгийн доод үнэ болж байгаа юм.