Зургийг: Christophe Morin/Bloomberg
“Apple”-ийн борлуулалт БНХАУ-д буураад буй энэ үед дотоодынх нь үйлдвэрлэгч “Xiaomi”-ийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 20 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханш зургаадугаар сараас хойш 60 гаруй хувиар өсөж, “Hang Seng Index”-д өсөлтөөрөө тэргүүлээд байгаа юм.
Мөн хугацаанд тус компани цахилгаан автомашин болон бусад салбарын бизнес рүү хүч үзэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байв.
“Apple”-ийн борлуулалт санхүүгийн жилийн IV улиралд БНХАУ-д нэлээдгүй хэмжээгээр буурчээ. Харин тус улсын “Android” үйлдлийн системтэй дотоодын гар утас үйлдвэрлэгчдийн хувьд энэ нь зах зээлээ идэвхжүүлэх томоохон боломж болж байгаа аж.
“Huawei Technologies”-ийн “Mate 60 Pro” загварын гар утас БНХАУ-ын зах зээлд амжилт үзүүлсний дараа “Xiaomi 14” загвар аравдугаар сарын эцсээр нээлтээ хийснээсээ хойш нэг сая гаруй захиалга хүлээн авчээ.