
Зургийг: С.Батсайхан
Энэ сарын 23-ны өдөр улсын хэмжээнд 2548 автомашинаар 302 мянга 502 тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд амжилт болсныг Зам, Тээврийн хөгжлийн яам мэдээллээ. Тухайлбал: Гашуунсухайт боомтоор 1412 автомашинаар 176.5 мянган тонн, Шивээхүрэн боомтоор 795 автомашинаар 100.8 мянган тонн, Булган боомтоор 136 автомашинаар 9.8 мянган тонн, Бичигт боомтоор 180 автомашинаар 12.5 мянган тонн, Замын-Үүд авто замын боомтоор зургаан автомашинаар 256.5 тонн, Хавирга боомтоор 19 автомашинаар 2323 тонн нүүрс экспортолжээ.
Сангийн яамнаас энэ онд 50 сая тонн нүүрс экспортод гаргах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд энэ зорилттой харьцуулбал гүйцэтгэл 80 орчим хувьд хүрээд байна.
БНХАУ-ын зах зээлд Монголын нүүрсний эрэлт нэмэгдэж байгаа ч үнэ нь хямд хэвээр байгаа юм. Нүүрсний үнийн хувьд Ганцмод боомтод Монголын V ангиллын нүүрсний үнэ тонн нь 1280-1300 юань байна.
БНХАУ-ын Шаньси мужийн уурхайд болсон осолтой холбоотойгоор нүүрсний дотоодын нийлүүлэлт саарсан ч үнэ нь үргэлжлэн буурах магадлал өндөр байна гэж “SXCoal” мэдээлэв. Нүүрсний олборлолтоор гуравдугаарт бичигддэг Шаньси мужийн уурхайд энэ сарын 21-ний өдөр хий дэлбэрч, 11 хүн амь үрэгдсэн юм.
Хэрвээ зохицуулах байгууллагаас нүүрсний уурхайнуудад шалгалт хийсээр байвал гарц нь улам буурахад нөлөөлөх аж.