Зургийг: ebrd.com
"Төв Азийн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 5.7 хувиар, 2024 онд 5.9 хувиар өсөх төлөвтэй байна" гэж Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк мэдээллээ. "Төв Азийн эдийн засаг 2023 оны эхний хагаст өндөр өсөлт үзүүлсэнд олон улсын худалдаа, аялал жуулчлал сэргэж, ОХУ-аас шилжин ирэгсэд болон мөнгөн гуйвуулга ихэссэн нь голлон нөлөөлсөн" гэж тус банкны тайланд онцолжээ.
“Улс орнуудын Засгийн газрын зардал нэмэгдсэн, БНХАУ хилээ нээсэн, ОХУ-тай хийх худалдаа, мөнгө гуйвуулга болон ОХУ-аас гарах бизнесүүдийн тоо нэмэгдсэн зэргээс үүдэлтэй эдийн засгийн өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Хэдий тийм боловч зээлийн хүү өндөр байгаа нь тус бүс нутагт хөрөнгө оруулалт хийх сонирхол, хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж болзошгүй”-г Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк онцолсон байна.
Харин Монгол Улсын эдийн засаг энэ онд 7.2 хувиар өснө гэж тооцоолжээ. БНХАУ-ын түүхий эдийн эрэлт, Тавантолгойн нүүрсний ордыг БНХАУ-тай холбосон төмөр замын шинэ шугам ашиглалтад орсон, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн зэргээс шалтгаалан Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7.2 хувь, 2024 онд 7.5 хувиар өсөх хандлагатай байгаа аж.
Мөн аялал жуулчлалын салбар бүрэн сэргэснээр зочлох үйлчилгээ, ноолуурын салбарын үйл ажиллагаа сайжрахад нөлөөлж байгааг дурдсан байна.
Харин олон улсын зээлийн нөхцөл чангарч, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь гол эрсдэл болж буйг тодотгожээ.