
Есдүгээр сард Монголын Хөрөнгийн биржээр 18 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь өмнөх сараас хоёр дахин өссөн үзүүлэлт боллоо.
Тайлант хугацаанд 105.2 сая ширхэг үнэт цаас зарагдсан байна. Үнийн дүнгийн 55 хувийг хувьцааны анхдагч зах зээлд хийсэн “Сэндли ББСБ” ХХК-ийн 10.05 тэрбум төгрөгийн арилжаа бүрдүүлжээ. "Сэндли ББСБ" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдаад байна.
Өнгөрсөн сард “Топ-20” индекс 2.81 хувиар унаж, 33 мянгаас 35 мянган нэгжийн хооронд хэлбэлзэлтэй байлаа. Үүнд дээрх индексийн сагсанд багтдаг компаниудын хувьцааны ханшийн бууралт нөлөөлжээ.
Тайлант хугацаанд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг "FTSE Russell"-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) ангилалд оруулсан юм. "FTSE Russell" нь мэргэжлийн хөрөнгө оруулагчийн зүгээс тавьдаг техникийн хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу олон улсын зах зээлүүдийг “Хөгжиж буй”-аас “Өндөр хөгжсөн” хүртэл үндсэн дөрвөн зэрэглэлээр ангилдаг байна.
Үүнээс гадна "Төрийн банк" ХК нийт хувьцааныхаа таван хувь буюу 37 сая 475 мянган ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 590 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 22.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зээлийн арилжаагаа эхлүүлээд байгаа юм.
“Төрийн банк” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц 160.28 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 5777 захиалагчаас 35.4 тэрбум төгрөгийн захиалга өгөөд байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээлж байна. Захиалга 100 хувиас давж биелэн эрэлт өндөр байгаа тохиолдолд нийтэд гаргасан хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гаргах ба үүнээс давсан тохиолдолд хувь тэнцүүлэх болно гэдгээ “Төрийн банк” мэдээллээ. Өөрөөр хэлбэл 37.4 сая ширхэг хувьцаа дээр 5.6 сая ширхэг хувьцаа нэмж гаргана.
"Цаашид зах зээлд бүтээгдэхүүн төрөлжиж, орлогын сегмент нэмэгдэх хүлээлттэй байгаа"-г Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал онцоллоо.