2010 оны санхүүгийн хямралаас хойш Их Британид бодит цалингийн хэмжээ хамгийн эрчимтэйгээр буурчээ. Энэ нь амьжиргааны өртөг нэмэгдэж, айл өрхүүдэд учрах дарамт ихэссэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.
Инфляцын түвшинд тохируулсан бодит цалингийн хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар жилийн турш 2.6 хувиар буурсан гэж тус улсын Үндэсний статистикийн газраас лхагва гарагт мэдээллээ. Энэ нь 2010-2011 онд дээрх үзүүлэлт 3.3 хувиар буурснаас хойших хамгийн эрчимтэй бууралт болжээ. Ингэснээр Их Британийн Засгийн газар болон Төв банк үнийн өсөлттэй тэмцэж, хүнд байдалд ороод буй айл, өрхүүдэд дэмжлэг үзүүлэх хүндхэн асуудал тулгамдаад байна.
Тус улсын Үндэсний статистикийн газрын жил бүрийн ажлын цаг болон цалин хөлсний судалгаагаар британичуудын дундаж цалин долоо хоногийн 640 фунт стерлинг байсан нь өнгөрсөн оны мөн үеийн 610 фунт стерлингээс өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь цар тахлын дараа зочлохуйн үйлчилгээ сэргэсэнтэй холбоотой бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд байр сууцаар хангах болон хүнсний үйлчилгээний салбарын цалин хамгийн их өсжээ.
COVID-19-ийн халдварын тархалтын улмаас албан байгууллагыг нь албадан хаагаад байсан компанийн ажилтнуудад тус улсын Засгийн газраас цалингийнх нь 80 хувийг олгох хөтөлбөр өнгөрсөн онд дуусгавар болсон юм. Үүнтэй холбоотойгоор ажлын байрнууд хэвийн үйл ажиллагаандаа орж, ажилтнууд үндсэн цалингаа авч эхэлсэн нь цалин хөлсний үзүүлэлт дээшлэхэд нөлөөлжээ.
Үйлчилгээний салбарын байгууллагууд үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхийн тулд өндөр цалин амлах замаар ажилтан татах хэрэгтэй болсон гэж онцолж байна. Мөн харьцангуй бага цалинтай байсан хүнд үйлдвэрлэл болон бусад үйлдвэрийн ажилчдын цалин ч нэмжээ. Эдийн засгийн бүх салбарт цалингийн хэмжээ жигд нэмэгдсэн нь инфляцын өсөлтийг хурдасгана гэж Их Британийн Засгийн газар эмээж байна.
"2022 онд бага цалинтай ажлын байрнуудын цалин хөлсний хэмжээ өмнөх оныхоос хамгийн их хэмжээгээр өссөн. Нэг талаас эдгээр хүмүүс 2020 болон 2021 оны тэтгэмжийн хөтөлбөрт хамгийн их хамрагдсан. Нөгөө талаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн нь эдгээр ажилтнуудад хамгийн их ашигтай байсан байж болох юм" хэмээн Хөдөлмөрийн зах зээл болон өрхийн статистик хариуцсан мэргэжилтэн Дэвид Фриман онцолж байна.