
Зургийг: Getty Images
Өндөр ур чадвартай ажиллах хүч татах, хадгалж үлдэх чадамжаар нь улс орнуудыг эрэмбэлсэн "Ур чадвартай ажиллах хүчний өрсөлдөх чадварын индекс 2023" тайланд Швейцар улс тэргүүн байраа хадгалж үлдсэн бол Сингапур болон АНУ удааллаа.
Францад төвтэй INSEAD бизнесийн сургуулийн жил бүр гаргадаг тус тайлангийн гол шалгуур болох ур чадварыг зохистой үнэлэх, хадгалж үлдээх үзүүлэлтээр Швейцар нэгдүгээрт бичигдсэн нь тус улсын өндөр түвшний нийгмийн хамгаалал, хүрээлэн буй орчны таатай байдалтай холбоотой аж. Амьдралын чанар ба тогтвортой хөгжил нь дараагийн 10 жилд "Авьяас, ур чадварын зангилаа төв болохоор зорьж буй улс бүрд нэн чухал шаардлага болно" гэж тайланд онцолсон байна.
Сингапур өндөр боловсролтой ажиллах хүч, инновацлаг эдийн засгийнхаа ачаар мэдлэг ба ур чадварын үзүүлэлтэд нэгдүгээрт бичигдсэн бол дэлхийн түвшний их сургуулиуд, бизнесийн сургуулиуд нь АНУ-ыг өсөн дэвжиж буй ур чадварын үзүүлэлтээр тэргүүлэхэд гол түлхэц болжээ.
Харин 134 улсыг жагсаасан тус эрэмбэд Монгол Улс 76 дугаарт бичигдэхэд ур чадварыг татах, үнэлэх, хадгалж үлдээх үзүүлэлтүүдээр ерөнхийдөө дундаж болон сул оноо авсан нь нөлөөлсөн байна. Түүнчлэн
Зохицуулалтын орчны үзүүлэлтээр 73 дугаарт эрэмбэлэгдсэн, тэр дундаа Засгийн газрын үр ашигтай байдлаар 98 дугаарт, мөн авлигын үзүүлэлтээр 134 улсаас 95 дугаарт эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын нийт үзүүлэлтийг доош татахад нөлөөлжээ.
Ур чадвартай ажиллах хүч дүрвэх үзэгдэл буюу "Brain Drain-ээс зайлсхийх хэрэггүй. Яагаад гэвэл чадварлаг хүмүүсээ бүгдийг нь хадгалж үлдэх боломж бараг үгүй. Хадгалж үлдэж чадах байсан ч улсаа дэлхийн зах зээлээс хөндийрүүлнэ" гэж Стэнфордын их сургуулийн профессор Жи Вук Шин “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.