Шинээр бонд гаргах Засгийн газрууд болон компаниуд өмнө гаргасан үнэт цааснуудтай харьцуулахад 156 суурь нэгжээр өндөр хүү төлөхөөр байгааг “Bloomberg” тооцоолсон байна.
Дэлхий даяар Засгийн газрууд болон компаниудын хувьд бондын дахин санхүүжилтийн өртөг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч байна. Ингэснээр эдийн засаг, санхүүгийн байдал тааруу улс орнуудын эмзэг байдал улам бүр тодорхой харагдахаар байгаа юм.
Одоо байгаа бүх бондуудыг дахин санхүүжүүлбэл 1.1 их наяд ам.долларын нэмэлт зардал гарна гэж “Bloomberg” тооцоолж байна. Монгол Улс 2021 онд "Century” бонд гаргаж хугацаа нь тулаад байсан “Чингис” болон “Гэрэгэ” бондын нэг тэрбум ам.долларын өр төлбөрийг бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжүүлсэн юм.
Тэгвэл дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдсэнээр эдийн засгийн байдал нь тааруу байгаа орнуудын хувьд бондоо дахин санхүүжүүлэх нь улам бүр хүндрэлтэй болохоор байна.
Монгол Улс 2023 онд "Гэрэгэ" бондын 540 сая ам.доллар, мөн "Самурай" бондын 730 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг төлөх ёстой.
"Ирэх онд 570 сая ам.долларын төлбөр хийгдэнэ. Байхгүй тохиолдолд дампуурал болно. Нэгэнт дефолт болчихвол эдийн засаг 10 жилийн хугацаанд сэргэхэд хүнд" гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараа мэдэгдсэн. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсад дефолт зарлах эрсдэл байхгүй” гэж мэдэгдэж байв.