
Зургийг: Nvidia
Компьютерын эд анги зах зээлд анхаарлын төвд орох нь технологийн салбарыг эс тооцвол тун ховор үзэгдэл. Гэхдээ "Nvidia" тавдугаар сард борлуулалтын төсөөллөө огцом нэмэгдүүлж, улмаар зах зээлийн үнэлгээгээ 1 их наяд ам.долларт хүргэхэд гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь тус компанийн хамгийн сүүлд гаргасан график процессор H100 байсан юм. Дата төвүүдэд голчлон ашиглагддаг уг шинэ чип нь генератив хиймэл оюуныг тойрсон халуурал бодит орлого болж эхэлснийг хөрөнгө оруулагчдад батлан харуулах болжээ. Тиймдээ ч H100-ийн эрэлт маш өндөр байгааг дурдах нь илүүц байх. Зарим үйлчлүүлэгчид бүр зургаан сар хүлээсний эцэст захиалгаа хүлээн авч байгаа аж.
1. H100 гэж юу вэ?
H100 нь график процессор буюу энгийнээр тайлбарлавал видео тоглоомын зураглалыг илүү бодит болгох зорилгоор суурин компьютерыг тоноглодог чипийн нэгэн төрөл. Гэхдээ энгийн график процессоруудаас ялгаатай нь H100 нийт 80 тэрбум транзистороос бүтэх бөгөөд тэдгээрийг дүрслэл бий болгох бус датаг өндөр хурдтай боловсруулах зориулалтаар загварчилсан байдаг. 1993 онд байгуулагдсан "Nvidia" компани 20 гаруй жилийн өмнөөс тус технологийг чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, зах зээлд түүчээлсээр иржээ. Тухайн үедээ компани ингэж хоёр чиглэлд зэрэг анхаарснаар нэг л өдөр өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг видео тоглоомоос бусад зах зээлд үнэ цэнтэй болгож чадна хэмээн найдсан нь өдгөө биеллээ олжээ.
2. Яагаад H100 бусдаас онцгой вэ?
Генератив хиймэл оюуны платформ нь цахим орчин дахь мэдээллийн нүсэр бааз суурьт суралцсаны дараа бичвэр орчуулах, тайланг товчлох, код бичих гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай болдог. Ихийг харж суралцах тусам хүний хийдэг ажлуудад төдий чинээ өндөр чадвартай болно гэсэн үг бөгөөд энэ хугацаандаа тэрбумаар тоологдох олон удаагийн туршилт, оролдлого хийсээр байдаг тул компьютер тооцооллын асар их хүчин чадал шаардана. "Nvidia"-ийн мэдээлснээр H100 чип нь хэлний моделийг (LLM) сургахад өмнөх хувилбар болох A100-аасаа дөрөв дахин хурдан, мөн хэрэглэгчийн коммандыг гүйцэтгэхдээ 30 дахин хурдан аж. Хэлний моделиудаа шинэ чадварт сургахаар ширүүн өрсөлдөж буй компаниудын хувьд энэхүү хүчин чадлын ялгаа нэн чухал үүрэг гүйцэтгэх юм.
3. "Nvidia" энэ чиглэлд хэрхэн ноёрхох болсон бэ?
Тус компани график картын (GPU) үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. График карт нь таны дэлгэцэн дээр харагдаж буй бүхий л дүрс, зургийг боловсруулах үүрэгтэй компьютерын эд анги юм. Харин видео тоглоомын дүрслэлийг улам бодит болгох чадалтай хүчирхэг график картууд нь олон тооцооллыг нэгэн зэрэг гүйцэтгэдэг хэд хэдэн цөмтэй байдаг. 2000-аад оны эхэн үед график картыг технологийн бусад хэрэгцээнд "хурдасгуур" болгон ашиглаж болохыг "Nvidia"-ийн инженерүүд олж мэджээ. Тодруулбал тооцооллын явцад гүйцэтгэх үйлдлийг олон жижиг хэсгүүдэд хувааж, дараа нь тэдгээр дээр нэгэн зэрэг хурдтай ажиллах боломжтой байв. Харин арваад жилийн өмнө хиймэл оюуны судлаачид энэ төрлийн чипийг ашигласнаар хийсэн бүгд нь практик дээр хэрэгжих боломжтойг тогтоожээ.
4. Өрсөлдөөн хэр байна вэ?
"Amazon"-ий "AWS", "Alphabet"-ийн "Google Cloud", "Microsoft"-ийн "Azure" үйлчилгээнд суурилсан хиймэл оюунт дата төвүүдийн 80 хувийг "Nvidia" хурдасгуур чипээр хангаж байна. Тэдгээр компаниудын дотооддоо чип үйлдвэрлэх зорилт төдийлөн ахицгүй байгаагийн зэрэгцээ өрсөлдөгч "AMD" болон "Intel"-ийн бүтээгдэхүүнүүд нь хурдасгуурын зах зээлд хараахан амжилт олж чадаагүй байна. "Nvidia" программ болон техник хангамжийн бүтээгдэхүүнүүдээ өөр ямар ч өрсөлдөгч зэрэгцэж чадахааргүй хурдацтай шинэчилсээр ирсэн нь үүнд нөлөөлжээ. Тус компанийн дата төвийн нэгжийн орлого 2022 онд 41 хувиар өсөж, 15 тэрбум ам.долларт хүрсэн байна.