
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгохоор шийдвэрлэлээ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 44-45 их наяд төгрөг байгаа, үүнийг далд эдийн засгаа ил болгох замаар 55 их наяд орчимд хүргэнэ гэж үзэж байна. Авлигын эсрэг зорилт амжилттай хэрэгжвэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.доллароос дээш давах боломжтой гэж үзжээ.
Энэ хүрээнд таван "Ш" үйл ажиллагаа гэж нэрлэж буй арга хэмжээ авахаар боллоо. Тухайлбал: нэгдүгээрт шүгэл үлээгчийн эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, шүгэл үлээхийг дэмжихээр болсон. Хоёрдугаарт “Шүүр ажиллагаа” буюу орлогоос давсан хэрэглээтэй, орлогоо баталж чадахгүй нийтийн албан тушаалтныг чөлөөлөх арга хэмжээ багтаж байна. Гуравдугаарт оны эхний хагаст багтан Төрийн болон орон нутгийн өмчит бүх компанийн удирдлагыг шилэн болгоно. Мөн гадаадын менежментийн багийг тендерээр шалгаруулж оролцуулах юм байна. Энэ чиглэлд арга хэмжээ авахыг Олон Улсын Валютын Сангаас сүүлийн жилүүдэд анхааруулж байгаа юм.
Харин сүүлийн хоёр арга хэмжээ нь гадаадаас хөрөнгө болон гэмт хэрэгтнүүдийг татан авах ажиллагаа багтаж байна. Дотооддоо шалгуулалгүй оргон зайлж, одоо гадаадад байгаа Төрийн албан хаагчдыг олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эх нутагт нь буцаан авчирч, шалгах аж. Мөн оффшор бүсэд байгаа хууль бус, хөрөнгийг буцаан авчрах ажлыг эцэст нь тусгажээ.
“Transparency International” байгууллагын судалгаагаар Монгол Улс 2022 оны “Авлигын төсөөллийн индекс”-ээр 33 оноо авч, 2017 оноос хойш энэ үзүүлэлтээр тасралтгүй муудаж байгаа 10 орны нэг болоод байгаа юм. Сүүлийн байдлаар 2021 оноос зургаан байр ухарч, 180 улсаас 116 дугаарт бичигдэж байна.