
Ираны газрын тосний нийлүүлэлт цаашид яах нь тодорхойгүй байгаа ч 2015 оны цөмийн гэрээг сэргээж чадвал Персийн булангийн энэ орны үйлдвэрлэл сэргэж, экспорт нь ч эрчтэй өсөх юм.
Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө (ҮАХЦТ нь Иран, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн, ХБНГУ, Европын Холбоо хооронд хийж байсан хэлцэл) эцэслэгдэх дөхөж байна. Европын Холбооны танилцуулсан "эцсийн" төсөлд өгсөн Иран хариу өгч, АНУ үүнийг нь шалгаж байгаа юм. Техранаас өгсөн энэ хариуг Европын Холбоо "нааштай" гэж дүгнээд байгаа аж.
Гэхдээ бүх тал тохироонд хүртэл ямар ч тохироо гэж байхгүй, мөн юмсыг өөдрөгөөр харахтай зэрэгцээд гутранги байх шалтгаанууд ч бий. "Goldman Sachs Group"-ийн хувьд гэрээг эцэслэлгүйгээр харилцан ашигтай "хайнцаа" үүсгээд өнгөрнө ч гэж дүгнэж байна.
Иран зах зээлд газрын тос эргэн нийлүүлж эхэлнэ гэдэг ойрын хугацаанд нийлүүлэлтийг нь бууруулах боломжгүй байгаа ОХУ-ын газрын тосны хувьд том цохилт болно. Европын Холбооны орнууд ОХУ-аас тэнгисээр дамжуулан өдөр бүр 1.2 сая баррель газрын тос авч байгаа нь ОХУ Украин руу цэргээ оруулахаас өмнөх үеийн хэмжээний гуравны хоёртой дүйцэх юм. Хэдий тийм боловч 12 дугаар сард хүчин төгөлдөр болох хориг арга хэмжээний дүнд энэ урсгал багасна. Харин энэ нийлүүлэлтийг нөхөхөд Иран туслах юм.
2016 онд ҮАХЦТ хэрэгжиж, хоригууд сулрахад Ираны газрын тосны гарц шинжээчдийн таамаглаж байснаас илүү хурдан, илүү их хэмжээгээр өсөж байв. Тухайн үед газрын тосны орд, байгууламжид ямар нэг асуудал гарч байсангүй, тэгэхээр энэ нөхцөл байдал дахин давтагдаж магадгүй.
2016 оны эхээр "Bloomberg"-ийн судалгаанд оролцсон шинжээчид Персийн булангийн энэ орныг гарцаа эхний зургаан сараас өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлнэ. Харин жилийн дараагаас өдөрт 675 мянган баррелиар нэмэгдүүлнэ гэж тооцоолж байжээ. Бодит байдалд 12 сарын өсөлтийн төлөвийг хагас жилийн хугацаанд гүйцэтгэж, хязгаарлалтыг сулруулснаас хойших нэг жилийн дотор гарцаа өдөрт нэг саяас 3.8 сая хүртэлх баррелиар нэмэгдүүлж эхэлсэн юм.
Иран дотооддоо газрын тосны их хэмжээний нөөцтэй байсны дээр Ираны эрэг дэх хөлөг онгоцнууд худалдан авагчид эргэн ирсэн даруйд хөдлөхөд бэлэн байснаас экспорт нь бүр ч эрчтэй нэмэгдсэн юм. Улсын өнөөгийн байдал ч үүнтэй төстэй, тооцоогоор тэр даруй зах зээлд нийлүүлэх боломжтой 100 сая баррель орчим боловсруулаагүй газрын тосны нөөцтэй байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг өнгөрсөн гуравдугаар сард "Газрын тосны нөөцөө ашиглахад олон сар шаардагдах магадлалтай" учир нь Ираны газрын тосны танкуудыг "дахин гэрчилгээжүүлж, даатгуулах хэрэгтэй" гэж анхааруулсан юм. Хэдий тийм боловч тэдний зөв гэж бодохгүй л байна.
Хоригийн ихэнх хугацаанд БНХАУ Ираны газрын тосны танкуудыг гэрчилгээжсэн эсэхээс үл хамааран өөрийн боомтуудаар хүлээн авах хүсэлтэй байсан юм. Энэ нь ч өөрчлөгдөөгүй байх. Ираны газрын тосны өөр нэг томоохон худалдан авагч байсан БНЭУ-ын хувьд дэлхийн хаа сайгүй хүлээж авахаас татгалзаж буй ОХУ-ын танкеруудыг яаралтай гэрчилгээжүүлж, ОХУ-аас авах газрын тосны импортоо нэмэгдүүлэхээр зорьж байгаагаа илэрхийлсэн байна. Хэрэв Иран улс БНЭУ-ын зах зээлд ОХУ-тай өрсөлдье гэвэл БНЭУ-ын Засгийн газар нийлүүлэлт хийхэд шаардлагатай зүйлсийг гүйцэлдүүлээд өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Хэдий Иран ойрын хугацаанд АНУ руу газрын тос нийлүүлэхгүй ч БНСУ, Япон зэрэг Азийн худалдан авагчид, мөн Европын орнууд Ираны танкеруудыг дахин гэрчилгээжүүлэхийг хүсэж магадгүй. Түүнчлэн ҮАХЦТ хэрэгжиж байсан 2016-2018 онд Европ, Япон руу чиглэсэн Ираны газрын тосны нийлүүлэлтэд бараг ганц ч Ираны танкер ашиглаж байгаагүй. Тэгэхээр 2016 оных шиг Ираны газрын тос бусад зах зээлд шинжээчдийн тооцоолж байгаагаас хамаагүй хурдан нэвтрэхээр байна гэж харагдаж байна.
Хэрвээ тэгвэл сүүлд Иранаас өдөрт 600 мянган баррель газрын тос авдаг байсан Газар дундын тэнгисийн газрын тос боловсруулагчдад сайн мэдээ болно. Европын Холбооны хориг хүчин төгөлдөр болоход ОХУ-аас авах газрын тосны хэмжээ нь ч мөн буурах эрсдэл тэдэнд бий. Хэдий яг адил төрлийнх биш ч Ираны газрын тосны ихэнх хувь нь Уралын экспортын газрын тосыг орлох боломжтой.
Ажиллагаагүй цооногуудаасаа олборлолтоо нэмэгдүүлж, нөөцөлсөн баррелиудаа яаралтай гаргаснаар Газар дундын тэнгисийн газрын тосны тэнцвэр дэх ОХУ-ын хоосон зайг Ираны газрын тос нөхөж магадгүй юм. Харин одоо зөвхөн гэрээг эцэслэх л хэрэгтэй байна.
Жулиан Ли