Зургийг: Jacobia Dahm/Bloomberg
Инфляцыг хяналтдаа оруулахаар тэмцэж буй ХБНГУ болон Итали улсын эдийн засаг энэ оны эцсээр уналтад орох бол Евро бүсийн хувьд уналтаас зайлсхийнэ гэж олон улсын үнэлгээний “Fitch Ratings” байгууллага үзсэн байна.
Хэдийгээр эдийн засгийн энэхүү агшилт нь ноцтой байх магадлал бага боловч уналтад орж байна гэдэг нь өөрөө том асуудал болохыг “Fitch Ratings”-ийн Олон улс хариуцсан захирал Жэймс МакКормак онцолжээ. Түүнчлэн Их Британи 2023 оны эцсээр эдийн засгийн “хөнгөн” уналтад орох эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.
ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллээс голлон шалтгаалсан үнийн өсөлт үргэлжилж буй энэ үед дэлхийн олон орны Засгийн газрууд эдийн засгаа хөл дээр нь босгохоор зүтгэж, Төв банкнууд инфляцыг сөрөхөөр бодлогын хүүгээ нэмэгдүүлэх чиг хандлага үргэлжлэх төлөвтэй хэмээн МакКормак үзсэн байна. Тухайлбал: АНУ-ын Холбооны Нөөцийн банканд бодлогын хүүгээ 4.5-4.75 хувийн түвшнээс 5.5 хувь хүргэн өсгөх шаардлага гарна хэмээн тэрбээр таамаглажээ.
АНУ-ын Сангийн яам нэгдүгээр сард хуулиар тогтоосон өрийн дээд хязгаарт хүрснээ зарласан тул хууль тогтоогчид одоогоор өрийн дефолтоос зайлсхийхийн тулд хязгаарыг ахиулан тогтоох эсэхийг хэлэлцэж байгаа юм.
Харин дефолтын хамгийн өндөр эрсдэлд ороод буй улс нь Пакистан болохыг “Fitch Ratings” онцолж байна. Тус улсын инфляц 30 хувийг давж, эрх баригчид нь Олон Улсын Валютын Сангийн 6.5 тэрбум ам.долларын тусламж авах шаардлагыг хангуулахаар ажиллаж байна.