БНХАУ хилээ нээсэн нь Зүүн Азийн худалдаа, аялал жуулчлалын төлөвт эергээр нөлөөлж байгааг Азийн хөгжлийн банк мэдээллээ. Мөн Азийн бусад хөгжиж буй улсуудад дам нөлөөтэй байхаар байна.
Түүнчлэн ОХУ-ын цагаачид Төв Азийн бүс нутгийн худалдаа, үйлчилгээний салбарын эрэлтийг эрчимжүүлж байгааг онцолжээ.
Монгол Улсын хувьд 2023 онд барааны экспорт нэмэгдэж, төлбөрийн урсгал дансны алдагдал буурахаар байгааг мэдээлэв. Ялангуяа энэ онд болон ирэх онд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй газрын тосны экспорт өсөхөөр байгаа аж. Ингэснээр экспортын өсөлт импортын өсөлтийг гүйцэж эдийн засаг тэлэхэд түлхэц болно гэж үзэж байна.
Мөн шинэ төмөр зам баригдаж, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын автоматжуулах, нүүрсийг биржээр арилжаалах зэргээр логистик, тээврийн систем сайжирч буй нь экспортод эергээр нөлөөлөхийг дурджээ.
2022 оны I улиралд Ганцмод-Гашуунсухайт боомтоор БНХАУ-д экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээ найман сая тонн давсан нь өмнөх оны мөн үеэс дөрөв дахин өссөн үзүүлэлт болохыг “Xinhua” агентлаг мэдээллээ. Тайлант хугацаанд тус боомтоор 7.6 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 525 хувиар өссөн үзүүлэлт болж байна.