
Зургийг: dmp.mn
Одоогоор зургаан сая гаруй тонн нүүрс цахимаар арилжаад байгаа Монголын Хөрөнгийн бирж гангийн үйлдвэрлэлийн дараагийн үндсэн орц болох төмрийн хүдрийн баяжмалын арилжааг эхлүүлээд байна. Арилжаа эхлээд хэдий сар хүрээгүй ч үнийн болон тоо хэмжээний хувьд томоохон ахиц гарчээ.
Нийлүүлэлт чухал
Монголын Хөрөнгийн бирж есдүгээр сарын 15-нд төмрийн баяжмалын арилжааг эхлүүлж, өнгөрсөн долоо хоногийн байдлаар “Монголросцветмет" ТӨҮГ болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн нийт 113 мянга 400 тонн төмрийн баяжмал арилжаад байна. Мөн анхны арилжааны нийлүүлэлт аравдугаар сарын дөрвөний өдрөөс эхэлж, “Монголросцветмет”-ийн худалдсан эхний 100 вагон баяжмал БНХАУ-ын Эрээн боомт руу төмөр замын тээвэрлэлтэд гарчээ.
Төмрийн хүдэр, баяжмалаа 100 хувь БНХАУ-д экспортолдог Монгол Улс энэ онд нийт 8.4 сая тонныг гаргахаар төлөвлөөд байна. Оны эхний найман сарын байдлаар 3.6 сая тонныг гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 37.6 хувиар өссөн үзүүлэлт болохыг УУХҮЯ мэдээлж байв.
Үнийн сорилт ба төлөв
Арилжаа эхэлснээс хойш дуудлага худалдааны биелсэн үнэ худалдагчаас санал болгосон үнээс 10-50 хүртэл хувиар өссөнийг Монголын Хөрөнгийн бирж онцолж байна. Хэдий тийм боловч одоо гаргаж буй 58 болон 65 хувийн агууламжтай баяжмалын биелсэн үнэ олон улсын ханшнаас аль аль нь 20 гаруй хувиар доогуур байгаа юм. Ерөнхийдөө сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын экспортолсон төмрийн хүдэр, баяжмалын дундаж үнэ тонн нь 72 ам.доллар орчим байжээ.
Нэгэнт биржээр арилжаалж эхэлж байгаа учраас бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнэ ханшид ойртуулж, эхний ээлжид баяжмалын чанарыг дундчилах замаар үнэлгээг нь өсгөхөд анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байлаа.
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал гангийн үйлдвэрлэлд нь дарамт болж буй ч тус улсыг чиглэсэн төмрийн хүдрийн үнэ болон биет хэмжээ харьцангуй тогтвортой хэвээр байна. Тухайлбал: Сингапурын бирж дэх жишиг үнэ өнгөрсөн улиралд 10 гаруй хувиар өсөж, тонн нь 115 ам.доллар орчимд арилжаалагдаж байсан нь оны эхэн үетэй харьцуулбал үл ялиг буурсан үзүүлэлт аж.
Ирэх онд БНХАУ-ын төлөвлөсөн дэд бүтцийн зарцуулалтууд хийгдэж, мөн цахилгаан автомашины борлуулалт өсөх төлөвтэй байгаа нь гангийн үйлдвэрлэлд эергээр нөлөөлнө гэж "Moody's" таамаглажээ.
Үйлдвэрлэл, нөөц
Оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 1.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна.