
Зургийг: Magdalena Wosinska/Bloomberg
Дөрөвдүгээр сарын гуравны өдөр технологийн энтрепренер Брайан Жонсон өөрийн 70 настай аав Ричард, 17 настай хүү Талмэйж нарын хамт Даллас хотын ойролцоох нэгэн эмнэлгийг зорьжээ. Өглөө эрт очсон тэд дараагийн хэдэн цагийн турш гурван үеийн хоорондох цусны сийвэнгийн солилцоо хийлгэжээ.
Эхэлж орсон Талмэйжаас авсан нэг литр цусыг тусгай машинаар хөрвүүлж, сийвэн, улаан эс, цагаан эс, ялтсыг тус тусад нь ялган авсан байна. Дараа нь Брайан Жонсон мөн адил процессоор ороод нэмэлтээр хүүгийнхээ цусны сийвэнг судсандаа шахуулав. Хамгийн сүүлд орсон Ричард өөрийнхөө цусыг өгч "зай гаргаад" Брайаны цусны сийвэнг хүлээн авснаар энэхүү сонирхолтой солилцоо өндөрлөжээ.
45 настай Брайан Жонсон өөрийн хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж, түүгээр зогсохгүй залуужиж чадах эсэхээ мэдэхийн тулд жил бүр хоёр сая ам.долларын өртгөөр эмнэлгийн нарийн хяналт шинжилгээ, эмчилгээг нойр, хооллолт, хөдөлгөөний маш хатуу дэглэмтэй хослуулсан туршилт хийж байгааг “Bloomberg TV Mongolia” нэгдүгээр сард мэдээлсэн билээ.
Цусны сийвэн шилжүүлэн суулгах туршилтуудыг эрдэмтэд хулгана дээр хийж үзэхэд залуу хулганын амьдралын хүчийг шингээсэн хөгшин хулгануудад үнэхээр залуужсан нөлөө ажиглагджээ. Эдгээр туршилтуудаас урамшсан зарим хүмүүс цус сорогчийг, эсвэл мөнхийн рашааныг санагдуулам энэхүү туршилтыг өөр дээрээ хийлгэж байсан боловч үр дүн нь шинжлэх ухаанаар бүрэн нотлогдоогүй хэвээр байна.
Брайан Жонсоны хувьд сийвэнгийн солилцоо нь ер бусын тохиолдол биш. Далласын тус эмнэлгээр Жонсон сүүлийн хэдэн сарын турш үйлчлүүлэхдээ гэр бүлийнхээ хүнээс бус нэрээ нууцалсан залуу донороос цусны сийвэн хүлээн авсан байна. Сийвэнгээ өгөх хүн нь биеийн жингийн төгс индекстэй, амьдралын эрүүл хэв маягтай, аливаа өвчин эмгэггүйг баталгаажуулахын тулд тэрбээр донортоо нарийн шинжилгээ хийлгэсэн байна.
Орчин үеийн анагаах ухаанд элэгний эмгэг, түлэгдэлт, цусны өвчин зэрэг төрөл бүрийн эмгэгт сийвэн шилжүүлэн суулгах эмчилгээг ашигладаг. Ялангуяа Covid-19 цар тахлын үед сийвэнгийн солилцоо илүү өргөн хүрээнд анхаарал татах болсон юм. Тухайлбал: Covid-19-ийн халдвар авсан хүмүүст өвдөөд эдгэсэн хүний сийвэнг шилжүүлэхэд тэдний биед эсрэг биет үүсэж байгаа нь тогтоогдсон ч 2021 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэхүү эмчилгээг ашиглахгүй байхыг зөвлөж байв.
Брайан Жонсон цахим төлбөр тооцооны "Braintree" компанийг өмнө нь удирдаж байснаараа технологийн салбарт багагүй танигдсан нэгэн юм. Хожим бизнесээ зарж багагүй хөрөнгөжсөн тэрбээр тархи-компьютерын интерфейс (BCI) хөгжүүлдэг "Kernel"-ийг байгуулжээ. Харин сүүлийн үед Брайан Жонсон "Project Blueprint" хэмээх төслөөр өөрийнхөө биед анхаарлаа хандуулах болж, бүхэл бүтэн эмч нарын багийг дээрх туршилтдаа ажиллуулах болсон байна. Туршилтын үр дүн, арга барилын дийлэнх хэсгийг тэрбээр нээлттэй нийтэлж, төсөлд нь үнэлгээ хийж, үр шимийг нь хүртэхийг бусдад уриалдаг аж.