
Зургийг: Tasneem Alsultan/Bloomberg
Саудын Арабын Төрийн өмчит “Saudi Aramco” компани тээврийн технологийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилтынхоо хүрээнд “Renault” болон “Geely” компаниудын хамтран байгуулах уламжлалт хөдөлгүүр үйлдвэрлэлийн компанийн цөөнхийн хувьцааг худалдан авахаар урьдчилсан гэрээ байгуулжээ.
Францын авто үйлдвэрлэгч “Renault”, БНХАУ-д төвтэй “Geely” компаниуд дотоод шаталтат болон хосолмол хөдөлгүүрийн технологи хөгжүүлэх шинэ төслийнхөө хувьцааг тэнцүү хуваан эзэмших болохоо пүрэв гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ дурдсан байна. “Saudi Aramco”-ийн санхүүжилт нь синтетик түлш, дараагийн үеийн устөрөгчит түлшний технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажилд дэмжлэг болохыг мөн дурджээ.
Хэдий тийм боловч эзэмших хувьцаа нь хэр их байх, мөн гэрээ нь хууль ёсоор хүчин төгөлдөр болсон эсэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хоёр компанийн зүгээс өгөөгүй аж.
Дэлхийн газрын тосны хамгийн том компани болох “Saudi Aramco”-ийн хувьд цэнэг хураагуурт суурилсан технологийн шилжилт эрчимтэй явагдаж буй энэ үед өсөлтөө хадгалахад тус шинэ компани томоохон дэм үзүүлэх юм. Хэдий цахилгаан автомашины борлуулалт өссөөр байгаа ч дотоод шаталтат болон хосолмол хөдөлгүүртэй автомашины эрэлт ойрын хэдэн жилүүдэд, ялангуяа хөгжиж буй орнуудад буурахгүй төлөвтэй байна.
“Renault”, “Geely”-ийн хамтарсан компани нийт 17 үйлдвэрийн сүлжээ, судалгаа хөгжүүлэлтийн таван төв байгуулж, таван сая ширхэг дотоод шаталтат болон хосолмол хөдөлгүүр үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар зорилт тавьсан аж.