logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Улсын хэмжээнд дизель түлшний 10 гаруй хоногийн нөөцтэй байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 12 11:15
    481
    XII/09-ний байдлаар ОХУ-аас 253, БНХАУ-аас 267 вагон дизель түлш орж иржээ

    12 дугаар  сарын есний өдрийн байдлаар ОХУ-аас 253 вагон буюу 17 мянга орчим тонн дизель түлш орж ирсэн талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН мэдээллээ. Дизель түлшний хангалтыг яаралтай хэвийн болгохын тулд импортоор орж ирж буй түлшийг шуурхай тээвэрлэхэд анхаарч байгаагаа тус компани онцолж байна.

    Нефтийн ачаа буулгадаг газрууд дизель түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тасалдлыг арилгахын тулд тээвэрлэлтийн хугацааг богиносгож, 24 цагаар ажиллаж байгаа аж.  

    ОХУ-аас Наушки өртөөгөөр орж ирж буй дизель түлшийг Улаанбаатар хүртэл тээвэрлэх хугацаа 36 цаг байсныг 16 цагаар богиносгож, 20 цаг болгоод байгаа бөгөөд татан авалтыг хил, гаалийн байгууллагатай хамтран саадгүй гүйцэтгэж байгаа юм байна.

    ОХУ-аас оруулж ирж буй дизель түлшний нийлүүлэлт багассанаар хомсдол үүсээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 12 дугаар сард ОХУ-ын “Rosneft” компаниас 83 мянган тонн дизель түлш авахаар тохиролцоод байна.

    Дизель түлшний хувьд Монгол Улсын сарын хэрэглээ 80 мянган тонн бөгөөд 60-70 хувийг нь гаднын улсаас импортолдог. Монгол Улсад импортоор орж ирж буй дизель түлшний хэмжээ өнгөрсөн оноос 16 хувиар багассан нь тасалдал, хомсдол үүсэх гол шалтгаан болоод байгаа юм.

    Өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 12 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 16 хоногийн нөөцтэй байгааг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээлсэн юм.

    "Тээвэрлэлтийн асуудал үүсээд байгаа тул бага зэрэг удаашралтай байгаа. 12 дугаар сарын дундуур хэвийн байдалд орно. Нөөцийг эргэн төвлөрүүлэх талд шуурхай ажиллаж байна" гэж салбарын яам онцоллоо.

    Монголын нефть хийн Үндэсний ассоциацийн мэдээллээр дизель түлш литр нь 5000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ч энэ ханшаар олдоц муу байгаа аж. Өмнө нь литрийг нь 3730 төгрөгөөр авдаг байсан бол литр тутам нь 3830, 3980, 4050 төгрөг болж нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 5000 төгрөг хүрээд байна.

    Үүнээс гадна БНХАУ-аас нийт 400 гаруй вагон цистерн дизель түлш импортлохоос өнөөдрийн байдлаар 267 цистерн түлш ирээд байгаа аж. Замын-Үүдэд 120 вагон түлшийг Монголын талд өгөхөөр хүлээгдэж байгаа гэсэн мэдээллийг “Улаанбаатар төмөр зам” ХНН өглөө.

    Cэтгэгдэл бичих