logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Нийтийн тээврийн төсөл яавал буруугаар эргэдгийг Нигерийн төмөр замын жишээ харуулж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 04 16:30
    1410

    Зургийг: William Clowes/Bloomberg

    Нигери улс 823 сая ам.долларын өртөгтэй, Баруун Африкийн анхны хөнгөн галт тэрэгний (LRT) төсөлд БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас авсан 500 сая ам.долларын зээлээ төлөхөд жилд 50 сая ам.доллар зарцуулж байна

    2018 оны долоодугаар сард тухайн үед Нигери улсын Ерөнхийлөгч байсан Мухаммаду Бухари нийслэл хот Абужаг нисэх буудалтай нь холбосон цоо шинэ галт тэргэнд зорчжээ. Тууз хайчлах ёслолын үеэр Бухари тус төслийг “Манай Засгийн газар амлалтаа биелүүлж чаддаг гэдгийн баталгаа” хэмээн магтаж байв.

    Түүнээс таван жилийн дараа тэрхүү амлалт хий хоосон байсан нь харагдаж байна. Галт тэрэгний вагончикууд нь деподоо түгжээтэй хэвтэнэ. Урсдаг шат, тасалбар борлуулах цэг, камер, тасалбар уншигч зэргээр бүрэн тоноглосон цэлгэр том өртөөнүүд нь хоосон ханхайж, хамгаалагчид нь гиюүрэн сууцгаана. Өртөөний VIP хэсгийн савхин буйдангууд нь шувуу, сарьсан багваахайны ялгадсаар хучигджээ. “Энэ одоо хаягдсан төсөл болсон. Тэд үүнийг барихаасаа өмнө үйл ажиллагааг нь яаж явуулах талаар төлөвлөгөө гаргаагүй нь илт байна” хэмээн Нигерийн Засгийн газрын төмөр замын стратегийн зөвлөх Роуланд Атагуба хэлж байна.

    823 сая ам.долларын өртөгтэй, Баруун Африкийн анхны хөнгөн галт тэрэгний (LRT) төсөл болох “Abuja Light Rail”-ийн үйл ажиллагаа коронавирусийн тархалтын эсрэг гэх шалтгаанаар 2020 онд зогсжээ. Түүнээс хойш төмөр зам хаалттай хэвээр үлдэж, 27 км урттай шугамын хөдөлгөөнийг хэрхэн үргэлжлүүлэх асуудалд ахиц бараг гараагүй байна. Энэ хугацаанд Нигери улс тус төсөлд БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас авсан 500 сая ам.долларын зээлээ төлөхөд жилд 50 сая ам.доллар зарцуулж байна.

    Нигерийн төв хэсгийн саванна дунд 1991 онд нээгдсэн шинэ нийслэл Абужад хэт төвлөрлийг арилгаж, тус улсын хуучин нийслэл ба эдийн засгийн төв болох Лагосын мөнхийн түгжрэлтэй, бохирдолд дарагдсан хувь заяаг давтахгүйн тулд энэхүү төслийг анх эхлүүлжээ. 1970-аад онд  анх төлөвлөлт нь эхэлсэн хойш л Абужаг төмөр замтай болгох асуудал яригдаж байсан боловч 2007 онд БНХАУ-ын “Civil Engineering Construction Corp” төслийн эхний үе шатыг хариуцан авах хүртэл ажил хэрэг болж чадаагүй байна. Гэхдээ л Засгийн газар хангалттай санхүүжилт босгох хүртэл дахиад тав гаруй жил шаардагджээ.

    290 км гаруй урттай сүлжээний анхны шугам нь хотын төвийг ажилчид голдуу амьдардаг дагуул хотуудтай холбох ёстой байв. Гэтэл оронд нь уг төсөл нийтийн тээврийн системийг буруу төлөвлөвөл юу болдгийг харуулсан тод жишээ болсныг Абужа дахь хот төлөвлөлтийн “Envicons Teams” компанийн Мохамед Лавал Шайбу өгүүлэв. Түүнийхээр галт тэрэг эрэлт багатай бүсүүдэд үйлчилдэгт  гол асуудал байгаа аж. “Гүйцэтгэл үнэхээр тааруу байсан. Ерөнхийдөө энэ шугам хүмүүсийн амьдардаг, хүмүүсийн зорчдог газруудаас холуур тойрдог” хэмээн тэрбээр онцолжээ. 

    Одоо байгаа шугамын нэг төгсгөлд нисэх буудал байх бөгөөд онгоцоор нисэх мөнгөтэй хүмүүс тийшээ ихэвчлэн автомашинтай очдог байна. Харин нөгөө талд “Төвийн бизнес дүүрэг” нэртэй алслагдмал бүс байх бөгөөд галт тэрэгний зогсоолынх нь урд замыг ажилдаа ирж, буцаж буй хүмүүс биш бэлчээрлэж буй үхэр сүрэг голлон дүүргэнэ.

    Абужа хот 2014 оны Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн спорт наадмыг хүлээн авахаар өрсөлдөх болсонтой холбогдуулан 20 гаруй жилийн өмнө төслийн эхний үе шатыг баталж байжээ. Хэдийгээр энэ өрсөлдөөнд Абужа хот Глазгоуд ялагдсан ч эрх баригчид төслийг оршин суугчдад илүү хүртээмжтэй болгон өөрчлөхийн оронд анхны төлөвлөгөөгөөр нь дуусгахыг илүүд үзжээ. “Улс төрчид ямар нэг аргаар тууз хайчлахыг л бодохоос тухайн дэд бүтэц иргэдэд хэрхэн үйлчлэх нь тэдэнд хамаагүй” хэмээн Африкийн нийтийн тээврийн салбарыг бие даан судалж буй Тонами Плэйман өгүүлжээ.

    Эхний шугам нээгдсэнээс хойших 20 сарын хугацаанд өдөрт хамгийн ихдээ дөрвөн галт тэрэг явж, хотын төв ба нисэх буудал хооронд хоёр талдаа 40 минут орчим зорчихдоо дунд нь ганц л өртөөнд зогсож байжээ. “Ачаалал ч байгаагүй, хөдөлгөөний эрчим ч байгаагүй” шалтгаанаар энэхүү систем бүтэлгүйтсэнийг Японы хөгжлийн агентлаг 2019 оны судалгаандаа онцолсон байна. Судалгаанд тооцоолсноор өдөрт 34 мянган зорчигч тээвэрлэх төсөөлөлтэй байсан тус шугамын зорчигчдын тоо өдөрт 1000 хүрэхгүй байгаа аж.

    Өдгөө төмөр зам хаалттай хэвээр байгаагийн гол шалтгаан нь зогсолтын үеэр учирсан хохирол болохыг өнгөрсөн тавдугаар сард төслийг хариуцахаар томилогдсон Төрийн өмчит компани мэдээлж байна. Төмөр замын холбооны кабель, зэс утас, дохиолол зэрэг чухал хэрэгслүүд хулгайд алдагдсан бөгөөд хэрвээ эхлүүлж чадвал засварын ажилд зургаан сар шаардагдахаар байгааг төслийн менежер нь өгүүлсэн байна. 

    Одоо байгаа шугамд шаардлагатай татаасыг гаргах, эсвэл дараагийн шугамыг барих гээд ерөнхийдөө Нигерийн төмөр замын төсөлд ойрын хугацаанд томоохон хөрөнгө оруулалт хийгдэх магадлал тун бага байна. Тус улсын Засгийн газар өнгөрсөн онд төсвийн бараг бүх орлогоо өрийн үйлчилгээнд зарцуулсан бөгөөд дотооддоо сорилтуудтай тулгараад буй БНХАУ-ын банкнууд, зээлдүүлэгчдэд дахин хандахад улам л хэцүү болжээ. 

    “Гэрээнд гарын үсэг зурна гэдэг нэг хэрэг. Харин мөнгө босгох бол өөр хэрэг” хэмээн тус хотын Нийтийн тээврийн агентлагийн дарга Нажиб Абдуссалам өгүүлсэн байна.

    Cэтгэгдэл бичих