
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Цахилгаан автомашины хувьсгал улам эрчээ авч байна. Автомашин үйлдвэрлэгчид дотоод шаталтат хөдөлгүүрийг бүрэн халах амлалт өгч, цахилгаан загваруудаа шил дараалан танилцуулсаар буй. 2024 оны эцэс гэхэд шинээр гарсан цахилгаан автомашины тоо улам нэмэгдэх төлөвтэй байна. “Bloomberg Green” одоогоор зах зээлд гарсан, худалдаж авах боломжтой цахилгаан автомашинуудыг эрэмбэлжээ.
Үнэ, цэнэг хураагуурын багтаамж, туулах зай зэрэг нэн чухал үзүүлэлтүүдээс гадна зам дээрх үр ашигтай байдал, цэнэг хураагуурыг нь үйлдвэрлэхэд зарцуулагдсан нөөцийг нэгтгэн тооцсон “ногоон оноо”-г дээрх эрэмбийн гол шалгуурууд болгон ашигласан байна.
Эрэмбээс харвал “ногоон хүч” хамгийн сайтай цахилгаан автомашинаар “Tesla"-ийн "Model 3” нэрлэгдэж, “Hyundai”-ийн өнгөрсөн оноос борлуулж эхэлсэн “IONIQ 6” удаалсан байна. Харин нэг цэнэглэлтээр туулах зайгаар нь дүгнэвэл “Mercedes”-ийн “EQS”, “EQE” загварууд тэргүүлжээ.
Өнгөрсөн онд цахилгаан автомашины хэрэглээний өсөлтөд анх удаа судалгаа хийхэд шинэ автомашины нийт борлуулалтынх нь таван хувийг цахилгаан автомашин бүрдүүлсэн тохиолдол 19 улсад гарч байсан бол энэ онд дахин таваар нэмэгдсэнийг “Bloomberg Green” мэдээлж байна. Ийнхүү таван хувийн босгыг давах нь хэрэглэгчдийн технологийн сонирхол эрчимтэй өөрчлөгдөж, цахилгаан автомашин нийтийн хэрэглээ болоход бэлэн болсны дохио болж байгаа аж.
Монгол дахь ирээдүй
Нийлүүлэлт, эрэлтийн зөрүүгээс шалтгаалан дотоодын зах зээлд шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байгааг Ашигт малтмал, газрын тосны газар мэдээлээд байна. Монголд автомашинтай хүн бүрийн хамгийн том айдас нь шатахууны нийлүүлэлт тасрах байдаг. Тэгвэл цөөхүүлээ боловч огцом тэлж буй нэгэн бүлэгт энэ нь асуудал биш болжээ.
Монгол Улс 2022 онд 230 гаруй цахилгаан автомашин импортолсон нь 2021 оныхтой харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт болж байсныг “Мада” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Баасанбаяр онцолж байлаа. Наймдугаар сарын байдлаар аль хэдийн 320 цахилгаан автомашин импортолсныг “Мада” ТББ мэдээлсэн юм.
Монголд 6-7 компани цахилгаан автомашин албан ёсоор оруулж ирж байгаа бөгөөд үнийн хувьд доод тал нь 90 сая төгрөг, дээд тал нь 300 сая төгрөг орчим байна. Сүүлд л гэхэд дээрх эрэмбэд дээгүүр байр эзэлсэн “Mercedes EQ” болон “Porsche Taycan” танилцуулагдаад байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр Монгол Улс 2026 он гэхэд 20 мянган цахилгаан автомашин хэрэглээнд нэвтрүүлэх буюу одоо бүртгэлтэй байгаа цахилгаан автомашины тоог гурван жилийн дотор бараг 20 дахин нэмэгдүүлэх томоохон зорилт тавиад байна. Автомашины импортын үзүүлэлтийг харвал энэ зорилт онолын хувьд биелэх боломжтой ч тогтсон норм стандарт, цэнэглэх станцын дэд бүтэц Монголд одоохондоо аль нь ч бүрэлдээгүй байна.
Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлаар маргаантай төлөвлөгөөнүүд танилцуулагдаж буй энэ үед цахилгаан автомашины талаар баримтлах бодлого, зохицуулалтаа одоогоос бэлэн болгож, жилд олон мянгаараа орж ирдэг болсны дараа дэндүү оройтсон шийдвэр гаргахгүй байх шаардлагатай байгааг салбарынхан хэлж байгаа юм.