БНХАУ тооцоолсноос эрт эдийн засгаа нээх хүлээлт бараг үгүй болсноор хөрөнгө оруулагчдын дунд ам.долларын эрэлт дахин нэмэгджээ.
Баасан гарагт “Bloomberg”-ийн ам.долларын спот индекс 2020 оны гуравдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн огцом уналт үзүүлээд байсан бол даваа гарагт сэргэж, 0.4 хувиар өссөн байна. Түүнчлэн БНХАУ-д арилжааны идэвх хамгийн өндөртэй австрали болон шинэ зеланд долларууд ам.долларын эсрэг нэг гаруй хувиар суларсан бол оффшор юанийн ханш 0.7 хувиар суларчээ.
Өнгөрсөн долоо хоногт Бээжингээс COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо сулруулахаар төлөвлөж байгаа гэх таамаг гарснаар эрсдэлд мэдрэмтгий хөрөнгөнүүд эрс өссөн боловч бямба гарагт БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос COVID-19-ийн тархалтын эсрэг “Шантрахгүй” тэмцэхээ амласан нь хөрөнгө оруулагчдын өөдрөг хүлээлтийг үгүй хийжээ.
Арилжаалагчдын хувьд энэ долоо хоногт гарах АНУ-ын инфляцын дүн мэдээллийг анхааралтай ажиглаж байна. 1980-аад оноос хойших хамгийн эрчимтэй инфляцын өсөлттэй тэмцэхийн тулд АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр ам.долларын ханш улам чангарахыг шинжээчид тооцоолжээ.
“БНХАУ цар тахлын хязгаарлалтаа сулруулахгүйг шулуухан мэдэгдсэн, мөн хөдөлмөрийн зах зээл хүчтэй байгаа нь Холбооны Нөөцийн банканд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн нэмэх орон зайг гаргаж өгч байна. 12 дугаар сарын хурлаараа Төв банк дахин 75 суурь нэгжээр нэмэгдүүлэх магадлалтай. Энэ нь ам.долларын ханш чангарахад туслах ч хувьцаа, бондуудад дарамт болно” хэмээн “Deutsche Bank”-ийн Макро эдийн засгийн судалгааны хэлтсийн захирал Тим Бэйкер онцоллоо.