logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-д литийн үнэ доод түвшинд дөхөж байж магадгүй ч эрэлт сэргэх дохио ажиглагдаж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 18 16:15
    179

    Зургийг: Carla Gottgens/Bloomberg

    БНХАУ-д цахилгаан автомашины эрэлт эрс нэмэгдсэнээр литийн үнэ сүүлийн 2 жилийн турш өсөлтөө хадгалж байна

    БНХАУ-д литийн үнийн огцом бууралт үргэлжилж, доод түвшинд дөхөж буй шинж тэмдэг ажиглагдаж эхлээд байна. Ердөө таван сарын хугацаанд цэнэг хураагуурын гол түүхий эдийн үнэ 65 орчим хувиар унасны дараа бага хэмжээний үйлдвэрлэгчид алдагдлаа нөхөх арга замыг идэвхтэй эрэлхийлж байгаа юм. Хэдий тийм боловч агуулахын бага нөөц, цэнэг хураагуурын технологийн эерэг төлөв, цахилгаан автомашины борлуулалт зэрэг нь эрэлт дахин сэргэхэд ойрхон байж магадгүйг харуулж байна.

    Өөрийн гэсэн уурхайгүй, урт хугацааны нийлүүлэлтийн гэрээгүй компаниудын хувьд үйлдвэрлэлийн өртгийг нь нөхөхгүй хэмжээнд үнэ унаад байгааг "Huaan Securities" компани онцолжээ. "Нийлүүлэлтийн сүлжээнд агуулахын нөөц аль хэдийн бага түвшинд хүрсний зэрэгцээ хоёрдугаар хагаст эцсийн хэрэглэгчийн эрэлт сэргэснээс харвал литийн үнийн уналт зогсож тогтворжих боломжтой" гэж тус компани мэдээлэлдээ дурдсан байна.

    БНХАУ-д цахилгаан автомашины эрэлт эрс нэмэгдсэнийг даган литийн үнэ сүүлийн хоёр жилийн турш өсөлтөө хадгалж, өнгөрсөн оны 11 дүгээр сард тонн нь 597 мянга 500 юань буюу 86 мянга 910 ам.доллар хүрсэн нь дээд түвшин болсон ч түүнээс хойш эрчимтэй унаж, даваа гарагийн байдлаар тонн нь 187 мянга 500 юань болсныг "Asian Metal"-ийн тайлангаас харж болохоор байна. Түүнчлэн лити агуулдаг чулуулаг болох сподуменийн үнэ Австралид өнгөрсөн оны оргил түвшнээсээ 16 хувиар унаад байгааг "Benchmark Mineral Intelligence" мэдээлжээ.

    Цэнэг хураагуурын нийлүүлэлтийн сүлжээн дэх компаниуд өндөр үнээс зайлсхийхийн тулд шинээр худалдаж авахын оронд агуулахын нөөцийг ашиглахыг илүүд үзсэн, түүнчлэн БНХАУ цахилгаан автомашинд татаас олгохоо зогсоосон, авто үйлдвэрлэгчдийн хоорондын үнийн өрсөлдөөн эрэлтийг бууруулсан зэрэг хүчин зүйлс литийн үнийн уналтад нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байгаа аж. Хэдийгээр энэхүү уналт нь эцсийн хэрэглэгчдэд таатай тусаж буй ч лити 2020 оны үнийн доод цэгээсээ дөрөв дахин илүү үнэтэй хэвээр байгаа юм.

    Cэтгэгдэл бичих