БНЭУ-д мөнгө худалдан авалт энэ онд 80 хувиар өсөж, дээд түвшиндээ хүрэх төлөвтэй байгаа тул Лондон, Хонгконгийн агуулахуудын нөөцийн зарцуулалт эрс нэмэгджээ.
Цар тахал нийлүүлэлтийн сүлжээ, эрэлтэд нөлөөлснөөр 2020, 2021 онд тус улсад мөнгөний худалдан авалт түүхэн доод хэмжээндээ хүрээд байсан юм. Харин энэ онд дотоодын худалдан авалт 8000 тонн давахаар байгааг “Metals Focus” компани тооцоолжээ. 2021 онд тус улсад 4500 тонн мөнгө борлуулагдаж байсан бол дөрөвдүгээр сард 2022 оны худалдан авалтын авалтын төсөөлөл 5900 тонн байсан юм.
Энэхүү өсөлт нь уналтын дараах сэргэлтийн шинжтэй бөгөөд өнгөрсөн оны IV улиралд цар тахлын хязгаарлалт суларсны дараа алтны худалдан авалт мөн ийм байдлаар эрс өсөж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрч байсныг шинжээчид онцолж байна.
Өнгөрсөн оны I-VIII сард БНЭУ-ын хэрэглэгчид ердөө 153.4 тонн мөнгө худалдан авч байсан бол 2022 онд ижил хугацаанд энэ үзүүлэлт 6370 тонн болж өссөнийг тус улсын Худалдааны яам тайландаа дурджээ.
БНЭУ-ын мөнгөний нийт импортынхоо тэн хагасыг Их Британи, БНХАУ, Хонгконгоос авдаг. Тус улсын худалдан авалтын дийлэнхийг бүрдүүлдэг Лондоны Үнэт металлын захын итгэмжлэгдсэн агуулахуудад нөөцийн хэмжээ нь эрчимтэй буурч байгааг мөн мэдээлжээ.
“Энэтхэгт алтыг ихэвчлэн агаараар тээвэрлэж авчирдаг бол мөнгө далайн тээврээр ирдэг. Гэвч эрэлт огцом өсөөд байгаа тул бүх үнэт металл агаараар ирж байна” хэмээн “Metals Focus”-ийн Ерөнхий зөвлөх Чираг Шет онцоллоо. Мөн энэхүү металлын нийлүүлэлтийн хүлээгдэх хугацаа ихэссэн бөгөөд ханган нийлүүлэгчид захиалгыг илгээхэд 20 хоног зарцуулж байгааг тэрбээр дурдсан байна.
Энэ онд Энэтхэгт мөнгөний үнэ зургаан хувиар унаад байгаа бол алтны үнэ таван хувиар өсжээ. Тус улсад мөнгөний нийт хэрэглээний гуравны нэг нь үнэт эдлэлд, 25 гаруй хувь нь аж үйлдвэрлэлд, үлдсэн нь сав суулга гэх мэт бусад зорилгоор ашиглагддаг байна.