“Earnst & Young”-ийн Ази, Номхон далайн санхүүгийн үйлчилгээ, банк болон хөрөнгийн зах зээлийн Ахлах партнер Кит Погсон
- “Bloomberg TV Mongolia”-ийн студид тавтай морил
- Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монголд ирээд тантай ингээд ярилцаад сууж байгаадаа маш их баяртай байна. Монголд эргэн ирэх сайхан байна.
- Саяхан Монголд сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хүйтэн өдрүүд боллоо. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд таныг чухам юу авчрав?
- Эн тэргүүнд онцолж хэлэхэд би Монголд байх дуртай. Хүмүүс нь ч их таалагддаг. Монголчууд их сайхан хүмүүс шиг санагддаг. Мэдээж ирсэн гол шалтгаан маань гэвэл Монголын хөрөнгийн зах зээл байна. Зах зээл их өрнөлтэй байгаад сэтгэгдэл өндөр байна. Сүүлд дотоодод олон IPO гарлаа. Цаашдаа Монголын компаниудад гаднын зах зээл дээр гарч, IPO хийх боломж нээгдэж байна.
- Далайд гарцгүй Монгол Улсад инфляц сүүлийн хэдэн жил дараалан өндөр байж, гадаад валютын нөөц бага байна. Мөн үндэсний валютын үнэ цэн эрс буурлаа. Гадаад орчин тогтворгүй байна. Таны хувьд Монгол Улсад тулгамдаж буй хамгийн том эрсдэл юу байна вэ?
- Монгол Улсад түүхий эдийн үнэ маш чухал байж ирсэн. Одоо ч гэсэн чухал хэвээрээ. Дэлхий нийтэд түүхий эдийн үнэ ихээхэн хэлбэлзэлтэй байгааг бид мэднэ. Нүүрс, зэс бол Монголд маш чухал түүхий эдүүд. Монгол Улс БНХАУ-ын эдийн засгаас хараат байдаг нь эрсдэл болсон хэвээрээ байна. БНХАУ-ын анхаарал сүүлийн үед илүү дотогшоо чиглэх болсон. Өөрсдийн арга замаар COVID-19-тэй тэмцсэн. Үүнээс үүдэн эдийн засгийн өсөлт нь урт хугацаанд хөрөнгө оруулагчдын таамаглаж байснаас илүү удааширсан. Энэ шалтгаанаар БНХАУ-д түүхий эдийн үнэ арай хямд байлаа. Нэг олзуурхууштай нь БНХАУ саяхнаас эдийн засгаа тодорхой хэмжээнд нээж эхэллээ. Үл хөдлөх хөрөнгийн салбараа илүү дэмжих болсон. Үүний улмаас түүхий эдийн зах зээлд эрсдэл даах сонирхол эргээд нэмэгдэж, түүхий эдийн үнэ өсөх магадлалтай боллоо гэж бодож байна.
- Санхүүгийн нөхцөл байдал улам хүндэрч байна л даа. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмж байна. Ийм үед Монголын компаниудад хөрөнгө босгох ямар боломжууд байж болох вэ?
- Сайхан асуулт байна. Ингэж хэлж байгаад уучлаарай. Гэхдээ олон улсын зах зээлд хүмүүс Монгол Улсыг “Minegolia” буюу уул уурхайгаас хараат орон гэдгээр хардаг. Одоо бол олон улсад “ESG” буюу байгаль орчин, нийгэм, засаглалын асуудал анхаарлын төвд байгаа үе. Тиймээс энэ нэр нь заримдаа Монголыг харлуулж харагдуулах талтай. Яагаад гэвэл нэг талд уул уурхайгаа гээд нөгөө талд байгаль орчны эрсдэлээ тооцож үзнэ гэхээр хөрөнгө оруулахуйц зах зээл гэж тооцогдохоо больчихно. Гэтэл яг үнэндээ бодит байдал тийм биш шүү дээ. Монголд хөрөнгө оруулагчдыг татахаар том боломж амалдаг сайн компани олон байна. Дан ганц уул уурхай гэлтгүй банк санхүүгийн салбар ч үүнд орно. Банкнууд олон нийтэд нээлттэй болж эхэллээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний компаниудын хувьцаа ч бас арилжаалагдаж байна. Нэмээд харилцаа холбооны салбар нэлээд анхаарал татаж байна. Судлаад үзвэл их сонирхолтой. Ямар ч улс байсан сайн компани гэж байж таарна. Хөрөнгө оруулагчид тиймэрхүү сайн компанийн хувьцааг авах хүсэлтэй байдаг. Зах зээл нь сайн байна уу, муу байна уу гэдэг тийм ч хамаатай биш. Ашигтай хөрөнгө мөн бол үнэ боломжийн түвшинд байна уу гэдэг л хамгийн чухал. Тиймээс компаниуд зах зээлд боломжийн үнэ санал болгосон л бол худалдаж авах хөрөнгө оруулагчид гарч ирэх нь дамжиггүй. Үүний тулд компаниа ил тод байлгаж, гаднын зах зээлд таниулах гэх мэт ажлыг хийх ёстой.
Яах аргагүй Монгол Улсыг олон улсын хөрөнгө оруулагчдын нүдэнд арай өөрөөр харуулахын тулд бидэнд хийх зүйл их байна. Ингэж байж тэд Монгол Улс ирээдүйд асар их боломж дагуулах, хурдацтай хөгжиж буй эдийн засаг гэдгийг харна. Бодлогын хүү өндөр, инфляцтай байна гэдгийг мэдээж бүгд мэдэж байгаа. Хэдий тийм боловч өсөж байгаа эдийн засаг шүү дээ. Өнөөдөр дэлхийд эдийн засгийн өсөлт нь зогссон олон орон байна. Харин Монгол Улсынх өсөлттэй байна. Таван хувиар өсөж байна гэдэг чинь өсөж яваадаа орно шүү дээ.
Төгрөгийн ханшийн уналт бол нэг анхаарах эрсдэл мөн. Гэхдээ бүтээгдэхүүнээ ам.доллароор үнэлээд олон улсын зах зээлд гаргаж байгаа нь тийм том асуудал биш. Учир нь эргэлдэж буй том тойргийн нэг хэсэг болчхож байна шүү дээ. Бодлогын хүүг нэмэгдүүлж байна. Банкны бизнест бол энэ таатай мэдээ шүү.
- Тэгэлгүй яах вэ. Та дээр нүүрс, зэсийг дурдлаа. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараасаа маш их хамааралтай шүү дээ. Дотоодын эдийн засагт маш хэрэгтэй байгаа зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлэх асуудал улам ээдрээтэй болж байна. Ямар арга замаар…
- Нүүрс, зэс хоёрт маш их ялгаа бий. Зэс бол байгальд ээлтэй, шинэ эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Тиймээс цахилгаан автомашинд зориулсан цэнэг хураагуур байна уу, зүйлсийн интернэт байна уу, өрхийн аливаа шугамын холболт байна уу хамаагүй цахилгаан дамжуулдаг хамгийн чухал зүйл бол зэс. Зах зээлийг нь харвал маш их сонирхолтой. Тиймээс би таны хэлсэнчлэн зэсийг тэгж сөргөөр нь харахгүй байна л даа. Зэс байгальд ээлтэй, шинэ эдийн засгийн гол тулгуур ч гэж хэлэгдэж байгаа шүү дээ.
Харин нүүрс бол их өөр. Монгол Улс коксжих нүүрс буюу цэвэр нүүрс гаргаж авдаг шүү. Энэ нь тун сайн хэрэг. Олон улсын хэмжээнд хөрөнгө оруулагчид “ESG”-ийн талд дорвитой ахиц гаргахад илүү анхаардаг болоод эхэллээ. Эко байгаа зүйлийг улам эко болгохоос илүүтэй хар хүрэн нүүрсийг цэвэршүүлээд цайвар хүрэн болгох нь илүү чухалд тооцогдох болж байна. Энэ ч утгаараа хөрөнгө оруулагчид портфелийнхоо зохицуулалтыг оновчтой хийхэд амаргүй болж байна. Хүрэн нүүрснээс коксжих нүүрс рүү шилжихэд гэдэг ч юм уу. Үүнийг л хийхэд дэлхийдээ маш том хувь нэмэр оруулна шүү. Энэ бас та бүхэн улсаа олон улсад арай өөрөөр харуулах нэг сонирхолтой арга. Гэхдээ хөрөнгө оруулагчдыг Монголд ирээд уул уурхайн салбарыг санхүүжүүлэх хэрэгтэй гэж ятгах хэрэгтэй болно гэсэн үг.
- Монгол Улс хамгийн том “Оюутолгой” төслөө цахилгаанаар хангахын тулд Өмнөговьд нүүрсний станц барих шаардлагатай байгаа. Гэхдээ үүний тулд маш их нүүрс шатаах хэрэгтэй. Энэ чиглэлд голлох хөрөнгө оруулагчид нь БНХАУ-ын банкнууд байна л даа. Та энэ талд ямар бодолтой байна?-
- Одоо үед олон улсын хэмжээнд банкнуудын хувьд нүүрсний төсөлд хөрөнгө оруулна гэдэг маш хүнд болсон. Хувьцаа эзэмшигчид болон өөр бусад оролцогч талууд нь банкнуудад хар хүрэн нүүрсэнд битгий хөрөнгө оруул гэж хэлж байна. Хүхэр бол хар хүрэн нүүрс гэсэн үг. Тэд банкнуудаа илүү байгальд ээлтэй төслүүдэд анхаардаг болохыг ятгаж байна. Харилцан ойлголцлын л асуудал. БНХАУ-ын банкнуудын хувьд зайлшгүй одоо шийдэх байгаль орчны тулгамдсан асуудал болон цаг хугацаа шаардагдах шилжилтийн асуудал хоорондоо ялгаатайг ойлгож байна. Монгол Улс нүүрсний маш их нөөцтэй. Уул уурхай болон бусад үйлдвэрлэлээ явуулахын тулд цахилгаандаа нүүрс ашиглах нь аргагүй шүү дээ. Тэнцвэрийг зохих түвшинд байлгах нь л чухал. Орж ирэхгүй олон улсын банк маш олон бий. Хувьцаа эзэмшигчдийнх нь ойлголтоос болж байгаа хэрэг. Хүмүүсийн ойлголт илүү сайжирч нарийсахын хэрээр тэртээ тэргүй эко байгааг бүр илүү эко болгох болон хар хүрэн нүүрсээ байгальд арай ээлтэй болгох нь аль аль нь эн тэнцүү чухал гэдэг дээр илүү төвлөрдөг болно гэж итгэж байна.
- Монгол Улсад авлигал асуудал болсоор байна гэж АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан хэлж байсан. Мөн Монгол Улс сүүлийн хэдэн жил Авлигын индексэд ахиц гаргасангүй. Энэ нь яаж нөлөөлөх үү?
- Мөнгө нь очих ёстой газартаа очиж байна гэсэн итгэл төрөхгүй байгаа тохиолдолд хөрөнгө оруулагчид наашаа ирэх нөхцөл улам хязгаарлагдаж байгаа гэсэн үг. Авлига гэдэг үгийг сонсох дуртай хүн байхгүй. Авлигын үнэрт дуртай хүн байхгүй. Яах аргагүй, сайхан зүйл биш шүү дээ. Тиймээс хөрөнгө оруулагчид энд ирэхдээ сайн зохицуулалттай, сайн дүрэм журамтай зөв компаниудыг эрж хайх болно. Авлигатай зохих түвшинд сайн тэмцэх бодлого журамтай банк байвал хөрөнгө оруулагчид тийм банкийг илүү сонирхоно гэсэн үг.
- Та “Ping An”, “ICBC” зэрэг томоохон банкнуудын IPO-д гол партнераар ажилласан. Сүүлийн үед Монгол Улсын томоохон банкнууд хувьцаа гаргаж байгаа. 5-10 хувийн хувьцааг санал болгож байна л даа. Энэ хангалттай юу? Ялангуяа мэргэжлийн хөрөнгө оруулагчдад шийдвэрээ гаргахад нь...?
- Эн тэргүүнд онцлоход одоо Монголд банкнуудын IPO хийгдэж байна. Гол асуудал нь Монголын зах зээлд хөрвөх чадвар хэр их байна гэдэгт байгаа юм. Одоогоор гаднын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулна гэдэг харьцангуй асуудалтай байна. Үйл явц талаасаа хөрөнгийн зах зээлд нь хэрхэн нэвтэрч хувьцаа худалдаж авах, үнэт цаасны данс яаж нээхээс авхуулаад. Дээрээс нь хувьцаануудаа яаж худалдаж авах уу, бага багаар өөр өөр газраас авах уу, хэр ихийг авч байж боломжийн ашигтай ажиллах уу гэхчлэн. Тэр 5-10 хувь гэдэг зөвхөн эхлэл гэж бодож байна. Тийм биз? “Төрийн банк” таван хувь, “Голомт банк” 10 хувиа санал болгож байна.
Банкнууд хувьцаа эзэмшигчдийнхээ тоог олшруулан, хэт төвлөрлийг сааруулахад анхаарах хэрэгтэй. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зах зээл дэх эрэлт жишээ нь 500 сая ам.доллар гэдэг ч юм уу хангалттай түвшинд хүрэх хэрэгтэй. Тэгж байж өнөөх 20 хувийг эзэмших хувьцаа эзэмшигчид маань ганц хоёр хүнд төвлөрсөн биш эндээс тэндээс олон талаас байх боломжтой болно. Үүнд гэхдээ гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Мэдээж Монголын дотоодын зах зээлд мөнгө бий л дээ. Хэдий тийм боловч хүмүүс мөнгөө ердөө таван банканд л төвлөрүүлэхийг хүсэхгүй. Хөрөнгө оруулалтаа аль болох төрөлжүүлэхийг хүснэ. Төрөлжүүлэх ч хэрэгтэй. Нэг газар төвлөрүүлэх нь оновчтой биш гэж би зөвлөдөг. Энэ утгаараа оролцох хөрөнгийн зах зээл маань илүү том байх хэрэгтэй. Томсгох хоёр арга бий. Нэг нь гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд оруулж ирэх, нөгөө нь дотоодын компаниудаа гадагш нь гаргах явдал байна. Дотоодын банкнуудаа Хонгконг, БНСУ, Японы хөрөнгийн зах зээлд гаргаж хөрөнгө босгох боломжтой.
Олон улсын зах зээлд ч тэр, Монголын зах зээлд ч тэр тун сайхан боломж. Яагаад гэхээр Монголын компаниуд ингэж гадаадын зах зээлд гарвал олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татна шүү дээ. Би түрүүнд “Minegolia” буюу уул уурхайгаас хараат орон гэж хэлсэн. Хүмүүс ийм л нүдээр харж ирсэн. Харин Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хараат биш орон гэдгийг ойлговол тэд танай улсыг арай өөр нүдээр харж эхэлнэ. Тиймээс хэрэв Монголын 2, 3, 4, 5 компани гаднын хөрөнгийн зах зээлд гарахыг гадаадын хөрөнгө оруулагчид хараад наашаа ирээд эхэлбэл тэд эндхийн бодит байдлыг ойлгоно гэж найдаж байна.
Казахстан, ОХУ зэрэг улсад яг л ийм зүйл болсон шүү дээ. Тэд том компаниудаа гаднын хөрөнгийн зах зээлд гаргаж гаднаас хөрөнгө оруулагчид татсан байдаг. Ингэж хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд, хувьцааны шинжээч зэрэг хүмүүс онгоцонд суугаад наашаа ирнэ. Энэ яадаг хувьцаа вэ, тэр яадаг хувьцаа вэ гэхчлэн судална. Тэр “MCS”-ийн, тэр АПУ-ийн хүмүүс ямар хүмүүс вэ гэхчлэн сонирхоно, ойлгохыг оролдоно гэсэн үг.
- Та Монгол Улсыг олон улсад өөрөөр таниулах тухай ярилаа. Үүнийг ямар аргаар хийвэл тохиромжтой вэ?
- Хамгийн оновчтой арга гэвэл хамгийн эхлээд нэрээ гаргах хэрэгтэй. Хөгжиж буй эдийн засаг гэдэг мессежийг өгөх хэрэгтэй. Одоо хүмүүс олон улсын тавцанд Монгол Улсыг ихэвчлэн аялал жуулчлалаар сурталчилж байна. Жуулчдын өгч байгаа мессеж нь жуулчны кемп, одой морь гэх мэтчилэн өөр сэдэвтэй байна. Гэтэл танай эдийн засаг Улаанбаатарт огт өөр шүү дээ. Тэнгэр баганадсан барилгуудтай. Боловсорч хөгжсөн бизнесүүдтэй.
Хүмүүс нь бусад орны хүмүүсийн адилаар гар утсаар ажлаа зохицуулж, бизнесээ явуулах гэхчлэн олон зүйл хийж байна. Энэ ойлголтыг гаднынханд өгөх хэрэгтэй. Учир нь гаднынхны төсөөлөлд Монгол гэхээр бидний харуулмаар байгаа дүр зураг төдийлөн буухгүй байна. Тиймээс тэр ойлголтыг өгөх нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, асар их боломж бололцоог нь таниулах нь чухал байна.
- Та Монголын компаниудад гаднаас хөрөнгө босгох боломжууд байна гэж хэлсэн. Үүн дээр нэмж хэлэхэд компаниудын засаглал их чухал байдаг шүү дээ. Энэ утгаараа үйл ажиллагаандаа гаднын мэргэжилтнүүдийг татан оролцуулснаар өсөлтийг дэмждэг. Та үүн дээр юу хэлэх вэ?
- Юу ч гэмээр юм дээ. Би олон улсын томоохон компаниудын нэг “Earnst & Young”-ийн партнер. Манайх компаниудад IPO хийхэд нь туслахын тулд их цаг зарцуулдаг. Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад нэлээн удаж байна. Олон ч компанид IPO хийхэд нь тусалсан. Таны хэлсэн зөв. Компанийн засаглал, дотоод хяналт чухал. Түрүүнд бас авлигал гэж ярьсан. Санхүүгийн гэмт хэрэг гээд ч ярьж болно. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь чухал.
Одоо “ESG”-ийн асуудал маш их хөндөгдөх боллоо. “ESG”-ийн талаар зөв ойлголттой болох нь чухал. Би яагаад “ESG”-ийг ингэж дахин дахин сөхөөд байна вэ гэхээр, одоо үед олон улсын хөрөнгө оруулагчид үнэхээр үүн дээр үндэслэж тийм үгүй гэдэг болсон байна. Энэ шаардлагыг хангавал хөрөнгө оруулна, хангахгүй бол хөрөнгө оруулахгүй гэж байна. Тиймээс хөрөнгө оруулагчдад өгөх мэдээлэлтэй байхын төлөө явах хэрэгтэй. Ингэж байж тэдэнд Монголд ирж, хөрөнгө оруулах итгэл төрнө.
- Үүнтэй холбоод дараагийн асуултаа асуумаар байна л даа. 2019 оны аравдугаар сард Монгол Улс FATF-ийн (Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага) “Саарал жагсаалт”-д орсон. Гэхдээ нэг их удалгүй гарсан л даа. Хөрөнгө оруулагчид ийм эрсдэлийг яаж хардаг вэ?
- Мэдээж хэрэг хориг арга хэмжээнүүд хөрөнгө оруулагчдын санааг маш их зовоодог. “Хар жагсаалт”-д орсон орнууд тэдний санааг маш их зовоодог. Олон улсын улс төрийн орчныг харвал хориг арга хэмжээнд анхаарал хандуулах нь нэмэгдсэн байна. Ази болон Ойрх Дорнодын геополитик, Европ дахь дайн гэхчлэн асуудлууд маш их анхаарал татаж ирлээ шүү дээ. Хөрөнгө оруулагчид иймэрхүү зүйлсийг сонирхдог уу гэвэл мэдээж хэрэг тийм.
Монгол Улсын байр байдал хамгийн сүүлийн байдлаар ямар байгааг мэдэж байгаа юу гэвэл энэ талаар нь тэдэнд сайн мэдээлэх хэрэгтэй. Одоо тэр жагсаалтад байхаа больсон, хөрөнгө оруулалт татахад асуудалгүй гэдгийг хүмүүст сайн ойлгуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид үүнийг сонирхох нь лав.
- Би үнэ шилжилтийн асуудлыг хөндмөөр байна л даа. Хөрөнгө оруулалт татаж байгаа улс нь хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалж, харин хөрөнгө оруулагчид нь хариуцлагатай байх хэрэгтэй байдаг. Монгол Улс хууль бус үйлдлүүдээс урьдчилан сэргийлж тодорхой хуулиудад өөрчлөлт оруулсан. Үнэ шилжилтийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
- Үнэ шилжилтийн асуудлаас өмнө хэлмээр зүйл байна. Дараа нь ийшээ оръё. Дэлхийн хэмжээнд Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага /OECD/-ын орнууд татварын тогтсон суурь системтэй болохыг зорьж байна. Үндсэн нэг системтэй болно гэсэн үг. Энэ систем ирэх хоёр жилд цахимжина. Үүний гол зорилго нь татварын тогтсон системтэй болох юм. Ингэснээр үнэ шилжилтийн асуудал тэгж их анхаарал татахаа болино.
Хэрэв дотоодын татварын систем нь хөрш орнуудынхтайгаа адилхан эсвэл ойролцоо байх юм бол компаниудын хооронд тоглолт хийх ямар хэрэгтэй гэж? Татварын нөлөөг бууруулахын тулд тэд үнэ шилжилт дээр тоглолт хийх нь утгагүй болно гэсэн үг. Тийм биз? Ерөнхийдөө бол ийм. Харин бүр нарийвчлаад харвал компаниуд татвар төлөх ёстой газраа татвараа төлөөд явах хэрэгтэй. Энэ зүй ёсны хэрэг. Үүнийг шударга явуулахад үнийн шилжилт чухал үүрэгтэй.
Монгол Улсын хувьд нэг давуу тал нь үнийн шилжилт хийгдэх орнууд нь тодорхой. Далайд гарцгүй учраас худалдааны түншүүдээ мэднэ. Тиймээс гүйлгээн дээр ч юм уу энэ асуудлыг аль аль талаас зохицуулах оновчтой шийдлүүдийг бий болгож болно гэсэн үг. Энэ асуудал дэлхийд хаа сайгүй л байгаа. Би янз бүрийн газраар аялдаг. Тэгэхэд Африкт ч бай, Ойрх Дорнодод, эсвэл Азид үнэ шилжилтийн асуудал байж л байдаг. Ялангуяа Засгийн газрын сайд нар, банк санхүүгийн салбарынхантай нь уулзаад явж байхад энэ асуудалд тэд их анхаардаг нь анзаарагддаг.
- Монгол Улс “Оюутолгой” төслийн 34 хувийн эзэмшилд ногдох зээлийн асуудлаар “Rio Tinto”-той хэлэлцээрт хүрсэн. “Оюутолгой” төсөл Монголын эдийн засагт маш том үүрэг нөлөөтэй хэвээр байна. Монгол Улс “Оюутолгой” шиг шинэ төсөлтэй болохын тулд бодлогын ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
- Өөр шинэ боломж бололцооны талаар асууж байна уу? “Эрдэнэс Тавантолгой” төсөл хэрэгжсээр байна. Хөрөнгийн зах зээлд гарах оролдлого өнгөрсөн хугацаанд гурван ч удаа хийгдлээ. Одоо ч явсаар байна. 2.5 сая монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-д хувьцаа эзэмшдэг. Хөрөнгийн зах зээлд маш таатай боломж шүү. Дотооддоо хэсэгчилж хувьцаа гаргадаг ч юм уу. Тус компанийн 14 хувийг эзэмшиж байгаа 2.5 сая монголчуудад хөрвөх чадвар бий гэсэн үг. Нөгөө талаас гаднын зах зээлд бас хөрөнгө босгох боломж шүү дээ. “Оюутолгой” бол “Эрдэнэс Тавантолгой”-той харьцуулахад маш өөр төсөл.
Гэхдээ дэд бүтцийг хөгжүүлэх, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүчин чадлыг хамгийн дээд түвшинд аваачих хэрэгцээ шаардлага нь үндсэндээ ижил. “Эрдэнэс Тавантолгой” нь “коксжуулсан нүүрс” боловсруулж хэрэглэгчдэд хүргэх юм. Тиймээс төмөр зам голлосон ийм дэд бүтцийг санхүүжүүлэх нь маш том боломж гэж харж байна. Ийм төслүүд гарч ирж олон улсын банкир, хөрөнгө оруулагчдыг авчирч, оролцуулснаар боломжуудыг ар араас нь нээж өгнө гэсэн үг. Боломжийн цаана дахиад боломж байдаг шүү дээ. Энэ мэдээжийн дүр зураг цаашид Монгол Улсын эдийн засагт ажиглагдана гэж найдаж байна.
- Ирэх онд хямрал тохиох магадлал нэмэгдэж байна гэж хэлэх эдийн засагчид улам олширч байна. Ийм нөхцөлд Монгол Улсад нөхцөл байдал яаж эргэх бол?
- Таны зөв. Ялангуяа АНУ-д хямрал мэдрэгдээд эхэлсэн. Европт олон газар хямралд аль хэдийн өртсөн. Цаашлаад олон сорилттой нүүр тулгарахаар байгааг олон эдийн засагч онцолж байна. Уул уурхайгаар яривал хөрөнгө оруулагчид олборлохоор алт хайж байдаг. Гялалзсан шижир алтыг… Монгол Улс нэг алт нь. Одоо танай эдийн засгийн өсөлтийн төлөв таван хувь байна. Хэрэв би хөрөнгө оруулагч байгаад хямралд орж байгаа эсвэл өсөж байгаа хоёр эдийн засгийн алинд нь хөрөнгө оруулах вэ гэвэл хариулт нь ойлгомжтой биз дээ. Мэдээж Монголыг сонгоно.
- Та санхүүгийн салбарт арвин туршлагатай хүн. Олон ч хямралыг биеэр мэдэрсэн. Монгол Улс ирэх жилүүдэд хямралтай тулгарч магадгүй байна л даа. Харин та юу гэж бодож байна? Ямар нэг хямрал тохиох болов уу?
- Эргээд харъя л даа. 1990-ээд оны эцсээр Азийн санхүүгийн хямрал тохиосон. Банкны салбарын хямрал байсан шүү дээ. Гадаад валютын солилцоо, банкны систем хангалттай хүчтэй байгаагүйгээс болсон. Үүний адил 2007-2008 онд Дэлхийн санхүүгийн хямрал тохиосон. Дахиад л банк санхүүгийн салбарын хямрал байсан.
Харин сүүлийн жилүүдэд бидэнд нийгмийн хямрал тохиолоо. COVID-19 улс орнуудын эдийн засагт нөлөөлсөн. Үүнээс гарахын тулд бид бүхэн шинэ арга хэрэгслүүдийг ашиглацгаасан. Зарим орнууд иргэддээ хоолоо залгуулахад нь тусалж бэлэн мөнгө тараасан гэдэг ч юм уу. Ирэх хоёр жилдээ бид үүнийхээ төлөөсийг төлөх хэрэгтэй болно. Шархаа нөхнө гэсэн үг. Үүний тулд жишээ нь бодлогын хүүг нэмэгдүүлээд эхэллээ. Европт бас дайн дэгдсэн нь харамсалтай. Үүний улмаас маш олон хүн хүнд хэцүү нөхцөл байдалд ороод байна. Хойд Европт эрчим хүчний үнийн өсөлт, эрчим хүчний хязгаарлалтаас үүдэн энэ жил хүйтэн өвөлжих төлөвтэй байна.
Монголд л гэхэд аль хэдийн хүйтэрчихсэн байна шүү дээ. Халаалтгүйгээс болоод Европт ч гэсэн хүйтэн өвөлжих нь. Тиймээс цаашид бидэнд банк санхүү гэхээсээ илүү нийгмийн хямрал тулгарсан хэвээр байна гэж бодож байна. Зах зээл яах аргагүй хямарсан байдалтай байна. Хүмүүс сандрах үед байдал улам дорддог. Хэдий тийм боловч АНУ-ын Төв банк бодлогын хүү дээр илүү тогтвортой байна гэдэг мэдээ сонсогдсон. Тиймээс нөхцөл байдал эргээд арай хэвийн горимд шилжинэ, хүмүүс дасан зохицно гэж найдаж байна.
- Монгол Улсын инфляц оргил цэгтээ хараахан очоогүй байгаа, тийм биз?
- Оргил цэгтээ арай очоогүй. Өсөлтийн хурд бол арай суларч байгаа. Тиймээс бодлогын хүүгийн өсөлт тогтворжиж эхэлнэ гэж бодож байна. Европт худалдан авах чадвартай холбоотой асуудал нэлээн сөхөгдөж байна. Хүмүүс моргейжийн зээлээ төлөх, цахилгааныхаа төлбөрийг хийх, хоол хүнсээ авах хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор инфляц, эрчим хүч, бодлогын хүүтэй холбоотой асуудлууд бүгд зэрэгцээд хүнд байна.
Энэ утгаараа Засгийн газрууд эдийн засгийн асуудлуудаас илүү худалдан авах чадвар, илүү нийгмийн чанартай асуудлуудад санаа зовних болсон. Тиймээс хэрэв ирэх жилүүдэд үнэхээр хямрал тохионо гэвэл банк санхүү гэхээсээ илүү нийгмийн асуудалтай холбогдсон байх болов уу гэж харж байна. Танай санхүүгийн салбар өмнөх олон жилтэй харьцуулахад хамаагүй дээрдсэн байна.
- Монгол Улс ирэх онд их хэмжээний зээлийн эргэн төлөлт хийх товтой байна. Энэ утгаараа Монгол Улс сүүлийн хэдэн жил бондуудын дахин санхүүжилт татаж ирсэн. Гэхдээ одоогийн нөхцөлд бага өртгөөр хөрөнгө босгох нь нэлээн эрсдэлтэй байна л даа. Энэ талаар та ямар бодолтой байна?
- Яах аргагүй бодлогын хүү өсчихсөн байна. Бодлогын хүү тогтворжихын хэрээр хөрөнгө оруулагчид илүү эрсдэл хүлээхэд бэлэн болдог. Бодлогын хүүг нэмэгдүүлэхийн нэг сөрөг тал нь хөрөнгө оруулагчид, хувь хүн байна уу, даатгалын компани, сангийн менежер байна уу хамаагүй бүгд эзэмшиж байгаа бондынхоо төлөлтийн хугацааг богиносгохыг оролдоно.
10 жилийн хугацаатай бондоос илүү хоёр жилийн, нэг жилийн хугацаатай бонд эзэмшихийг хүснэ гэсэн үг. Яагаад гэвэл бодлогын хүү өсөхтэй зэрэгцээд үнэ шилжих эрсдэлийг үүрэхийг хүсэхгүй шүү дээ. Тиймээс өгөөжийн муруйн савлагаа арилж тэгшрэхийн хэрээр тэд бодлогын хүүгийн өсөлтийг зогсоохыг хичээнэ. Ингэж байж аль болох урт хугацаатай бонд худалдаж авна шүү дээ. Энэ тохиолдолд урт хугацаатай бонд сонирхох хөрөнгө оруулагчид олширно гэсэн үг.
Нөгөө талаас бодлогын хүү өндөр байгаа тохиолдолд санхүүжилт татах талын эрэлт буурна. Тэгж өндөр хүү төлөхийг хүсэхгүй. Бодлогын хүү буурна гэж найдаж байгаа болохоор урт хугацааны бонд гаргахаас татгалзана.
Монгол Улсын хувьд өгөөж өндөртэй улсад тооцогдож ирсэн. Тийм болохоор 9, 10 жилийн хугацаатай бонд гаргадаг. Тиймээс энэ динамик өөрчлөгдөж байж хүмүүс Монголын зах зээлийг боломж гэж харах болно. Тэр өөрчлөлтийн дараа ч гэсэн бодлогын хүү нь дэлхийн улс орнуудынхаас илүү өндөр хэвээр байж болох хэдий ч бондын дахин санхүүжилтийг дэмжих хэмжээний урт хугацаанд хүү тогтвортой байх түвшинд хүрнэ. Яагаад гэхээр тэр үед Монгол Улсад энэ нь хэвийн нөхцөл болчихсон байна шүү. Ингэж чадвал сайхан боломж болно гэж харж байна. Сөрөг талаас нь бол тэгж их хармааргүй байна.
- Монгол Улсын зарим бондын өгөөж 40 хувьд хүрлээ. Хөрөнгө оруулагчдад энэ нь яг юу гэсэн үг үү?
- Хөгжиж буй орнуудад санаа зовж байна гэсэн үг.
- Энэ ойлголт одоо өөрчлөгдсөн үү?
- Өөрчлөгдөж байгаа гэж бодож байна. Сүүлийн хэдэн долоо хоногт хөгжиж буй орнуудын бондыг илүү эрсдэлтэйгээр харах нь нэмэгдсэн. Хамгийн том өөрчлөлт нь БНХАУ-д гарсан. Олон улсын бондын зах зээлийг харвал БНХАУ-ын гаргасан үнэт цаасны хэмжээ Ази, Номхон далайн бүсэд жин дарж байгаа. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар сорилттой байсан нь Азийн бондын зах зээлд хар сүүдэр тусгаж ирсэн. Хэдий тийм боловч БНХАУ энэ салбараа дэмжих алхмыг хийж эхэлсэн.
Одоо үл хөдлөх хөрөнгийн компаниудын хувьцааны ханш өсөж байна. Мөн бондын үнэ эргээд сэргэж хүмүүс одоо үлдсэн бондуудаа илүү нааштай харж байна. Энэ эргээд Азийн бондын зах зээлд эергээр нөлөөлнө. Эерэг нөлөө дагуулна гэдэг нь хөрвөх чадвар нэмэгдэнэ гэсэн үг. Үнэ эргээд сэргэж эдийн засгаа дэмжинэ гэсэн үг.
Энэ нь Монгол Улсад хамааралтай асуудал шүү. Монголын нөхцөл байдалд хүмүүс санаа зовохоос өөр аргагүй байсан. Жижиг эдийн засгууд хүнд хэцүү үед илүү их зовлон амсдаг шүү дээ. Гэхдээ та бүхэнд юу байгаа билээ дээ. Гадаад валюттай ханшийн эрсдэлээс ангид дэлхийн хамгийн таатай эдийн засаг гэхэд хилсдэхгүй. Газар доорх байгалийн баялгийн асар их нөөцтэй. Урт хугацаанд хөрөнгө оруулах хүмүүс үүнийг ойлгож мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.
- Монголын компаниудад хөрөнгө босгох боломж илүү их байгаа гэдэг талыг дахин сөхөж яримаар байна л даа. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?
- Гол нь зах зээл дэх хөрвөх чадварыг нэмэгдүүлэх байна. Дотооддоо хуримтлал, хөрөнгийн менежментийг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Энэ нь хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд тустай. Хувьцаа арилжаа байна уу банкны системийн өөр арга замуудаар байна уу бид дотоодын зах зээлдээ шинэ бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсээр байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийхээр бүтээгдэхүүнүүд байж л байгаа. Ингэж бид олон улсын хөрөнгө оруулагчдыг оруулж ирнэ.
- Гаднаас Монголын компанид хөрөнгө оруулсан, эсвэл Монголын компани гадаадад амжилттай хөрөнгө оруулалт хийсэн жишээ, бодит тохиолдлууд бий юу?
- Монголд хөрөнгө оруулсан хэд хэдэн гайхалтай жишээ байгаа. Банкнууд гаднын хөрөнгө оруулагчдыг татаж, тэдгээр хөрөнгө оруулагч нар нь сайн ажилласан тохиолдлууд бий. Одоо тэдний дундаас олонх нь банкнуудын IPO-ийг сонирхож байгаа, хувьцааны үнэ судалж байгаа нь гарцаагүй. Бас гаднаас хөрөнгө оруулалт татаад бизнесийнх нь үйл ажиллагаа маш сайн яваа компаниуд олон байгаа. Тиймээс сайн жишээ бий юу гэвэл тийм. Сайн жишээ олон бий. Нэрийг нь хэлэхгүй байх нь дээр байх. Гадаадын хөрөнгө оруулалттай, Монголд танигдсан алдартай компаниуд байгаа шүү дээ.
- Хонгконгийн Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан цөөн хэдэн Монгол компани байгаа. Гаднын зах зээлд гарах боломжтой компаниудын тоо нэмэгдсэн гэж та харж байгаа юу?
- Гаднын зах зээлд гарахад тохиромжтой олон салбар танайд бий. Жишээ нь банкнууд байна. Улс орнуудын зах зээл өсөхийн хэрээр манлайлан гарч ирдэг гол компаниуд нь банкнууд байдаг. Би Вьетнамаас авхуулаад олон газарт ажиллаж үзсэн. БНХАУ-аас ч гэсэн банкнууд л түрүүлж гаднын зах зээлд гарсан. Харилцаа холбооны компаниуд бас тэргүүлэх компаниудаар нэрлэгддэг. Монголд гэхэд хөрөнгийн зах зээлд гарах магадлалтай харилцаа холбооны салбарын 3, 4, 5 компани байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг хэд хэдэн компани бас байна. Би Монголд буцаж ирээд энд тэндгүй “7-Eleven”-тэй төстэй жижиг дэлгүүрүүдтэй болсныг харсан. Хэрэглээний ийм бизнесүүд зах зээлд нэвтэрч, хөрөнгө босгохдоо амархан байдаг шүү. Их чухал салбар шүү.
- Сүүлийн асуулт маань цахилгаан автомашинтай холбоотой. Цахилгаан автомашин үйлдвэрлэхэд ашигладаг никель болон өөр бусад металлтай холбогдсон төслүүд Монгол Улсад олноороо хэрэгжиж байна л даа. Ийм төслүүдийг гаднын зах зээлд гаргаж хөрөнгө оруулагчдыг татах боломж хэр байна?
- Өгмөөр байгаа хэд хэдэн зөвлөгөө байна. Нэгдүгээрт, би одоогоор Хонгконгийн Хөрөнгийн бирж дээр ажиллаж байгаа. Тэднийх дүрэм журмаа шинэчлэх гээд ажиллацгааж байна. Нэг анхаарч байгаа чиглэл нь шинэ эрчим хүч. Тиймээс ашгийн төлөө биш ч бай, одоогоор ашигтай ажиллаж чадахгүй байгаа ч байсан хамаагүй хөрөнгө босгох хэрэгтэй байгаа энэ чиглэлийн компаниуд Хонгконгийн ч юм уу зах зээлд гарахад нээлттэй. Шанхайд ч гэсэн төстэй чиглэл баримталж байгаа. Тиймээс шинэ эрчим хүчний чиглэлийн компаниуд Шанхайд ч гэсэн хөрөнгө босгох боломж байна гэсэн үг. Сүүлийн үед Хонгконгт иймэрхүү компаниуд олноор гарч ирж байгаа. Никель олборлолт, лити, кобальт, ховор металл олборлодог компаниуд. Ийм компаниуд зах зээлд гарч ирэх гэж маш их хичээж байна. Хөрөнгө оруулалт ч маш их татаж байна. Хонгконгт энэ жил хамгийн том IPO хийсэн компаниудын нэг нь “Tianqi” байна. Литийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Хоёр тэрбум шахуу ам.доллар босгосон.
- БНХАУ-ын том тоглогч, тийм үү?
- Тийм. БНХАУ-ын томоохон тоглогч зах зээлд гарч ирээд их хэмжээний хөрөнгө босгосон. IPO нь маш амжилттай болсон шүү. Одоогоор хөрөнгө босгоход хамгийн их анхаарал татаж байгаа салбар гэх үү дээ. Үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь хүмүүс уул уурхайн салбарт ам муутай байгаа хэдий ч шинэ эрчим хүчний уул уурхайд тун тааламжтай байгаа. Яах ч аргагүй их анхаарал татаж байгаа салбар л даа. Тиймээс та бүхэнд ч гэсэн боломж бий.