БНХАУ-д цар тахлын хатуу хязгаарлалт болон үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж байгаатай холбоотойгоор Олон Улсын Валютын Сан (ОУВС) тус улсын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө бууруулж магадгүй байна.
Вашингтонд төвтэй тус сан одоогоор БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 3.2 хувиар, ирэх онд 4.4 хувиар өснө гэж тооцоолжээ.
“Нөхцөл байдал тодорхойгүй байгаа учир бид ирээдүйд төсөөллөө бууруулж магадгүй” хэмээн ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгджээ. Мөн тэрбээр БНХАУ-д эдийн засгийг дэмжих, өсөлт саарахад нөлөөлөх хүчин зүйлсийн эсрэг хариу арга хэмжээ авах төсвийн орон зай байгааг онцолсон байна.
COVID-19-ийг Үл тэвчих бодлогын хүрээнд авч буй хөл хорио, тусгаарлалт, шинжилгээ болон бусад хязгаарлалтууд нь иргэдийн бухимдлыг нэмж, БНХАУ-д ховорт тооцогдох эсэргүүцлийн жагсаал цуглаан сүүлийн өдрүүдэд орон даяар хүрээгээ тэлээд байгаа юм. Үүний зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч компаниуд энэ онд ам.долларын бондууд дээр олноороо дефолт зарласан нь эдийн засгийн хүндрэлийг нэмсэн юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралыг арилгахын тулд БНХАУ-ын Төрийн өмчит томоохон банкнууд багадаа 37 тэрбум ам.долларын шинэ зээлийг тэдгээр компаниудад санал болгоод байгаа аж.
Үүнээс гадна БНХАУ цар тахлын хязгаарлалтад гацсан эдийн засгаа нээх хугацааг түргэсгэхийн тулд ахмад настнуудын нэмэлт тунгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор тус улсын 60-аас дээш насны иргэдийн 69 хувь нь, 80-аас дээш насныхны 40 хувь нь л дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагджээ.
Харин АНУ-д 65-аас дээш насныхны 70 гаруй хувь нь нэмэлт тунд хамрагдсаныг статистик мэдээлэл харуулж байна.