logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Иений ханш дахин суларч, Японы Засгийн газар 2 дахь удаагаа интервенц хийх нөхцөл бүрдэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 03 16:20
    1105
    Иений ханш ам.долларын эсрэг 0.4 хувиар суларч, хослол 145.30 болоод байна

    Иений ханш ам.долларын эсрэг дахин суларснаар Японы засгийн газар энэ онд хоёр дахь удаагаа ханшийн интервенц хийх хүлээлт бий болоод байна. 

    Энэ оны турш 21 хувиар унаад буй иений ханш сүүлийн байдлаар ам.долларын эсрэг 0.4 хувиар суларч, хослол 145.30 болсон байна. Есдүгээр сарын 22-нд иений спот ханш 145.90 болж, 24 жилийн хамгийн доод түвшиндээ хүрэх үед бодлого тодорхойлогчид ханшийг тогтворжуулах яаралтай алхам хийж байв.

    “Хэт нэг тал руу хэвийсэн хөдөлгөөн ажиглагдвал бид хэрэгтэй үед нь шийдэмгий арга хэмжээ авах болно. Энэ бодлого өөрчлөгдөөгүй хэвээр байгаа” хэмээн Япон улсын Сангийн сайд Шүничи Сүзүки онцоллоо.

    Японы Төв банкны зөөлөн бодлого, АНУ-ын Холбооны Нөөцийн банкны чанга бодлогын ялгаанаас болж иений ханш энэ онд огцом унаж буй. Уналтыг сааруулахын тулд Японы Сангийн яам есдүгээр сард 2.84 их наяд иен зарцуулжээ.

    “Гэхдээ интервенцийг сайн зохицуулалттай хийхгүй бол үр нөлөө нь богино настай байх магадлал түүхээс харагддаг. Японы Төв банк өгөөжийн муруйг хянах бодлогоо хэвээр хадгалж, Холбооны Нөөцийн банк мөнгө бодлогоо чангаруулсаар байвал иений ханш цаашид үргэлжлүүлэн сулрах эрсдэлтэй” хэмээн Сингапур дахь “Oversea-Chinese Banking Corp”-ийн стратегич Кристофер Вон анхааруулжээ.

    Наймдугаар сарын 31-ний байдлаар Японы гадаад валютын нөөц 1.29 их наяд ам.доллар байгаа бол түүнээс 135.5 тэрбум ам.доллар нь гадаадын Төв банкнууд болон олон улсын төлбөр тооцооны банканд хадгаламж хэлбэрээр байршиж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих