logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    “Seoul Metro”-ийн ажилчид 2016 оноос хойш анх удаа ажил хаялт зарлалаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 30 14:15
    642
    Оргил цагийн үеэр метроны үйл ажиллагаа хэвийн байгаа ч өдрийн нийт эргэлтийн 20 хувь нь зогссоныг Сөүл хотын захиргаа мэдэгдэв

    БНСУ-ын метроны үйл ажиллагаа хариуцсан хамгийн том компани “Seoul Metro”-ийн ажилчид 2016 оноос хойш анх удаа ажил хаялт зарлалаа. Үүний улмаас ачааны автомашины жолооч нарын ажил хаялтын улмаас хүндрэл үүсээд байсан тус улсын эдийн засагт ирэх дарамт нэмэгдэхээр байна.

    Сөүл хотын метроны үйл ажиллагаа хариуцдаг Төрийн өмчит "Seoul Metro" компанийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүд лхагва гарагийн өглөө ажлаа зогсоосон гэж Сөүлийн тээврийн компаниудын Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдсэн байна. Засгийн газар метроны ажилчдыг цомхотгох төлөвлөгөөгөө цуцалж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд ажилчдын тоогоо нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлагыг Үйлдвэрчний эвлэлээс хүргүүлээд байгаа гэжээ.

    Өнгөрсөн долоо хоногт болсон ачааны автомашины жолооч нарын ажил хаялтын улмаас БНСУ-ын нийлүүлэлтийн сүлжээ доголдоод байсан юм. Үүний зэрэгцээ нийтийн тээврийн гол салбарын ажилчид ажил хаялт зарласан нь амьжиргааны өртгийн өсөлт болон экспортын сул үзүүлэлтийг арилгахаар зүтгэж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын Засгийн газарт томоохон сорилт болоод байна. 

    Оргил цагийн үеэр метроны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч өдрийн нийт эргэлтийн 20 хувь нь зогсоод байгааг Сөүл хотын захиргаанаас мэдэгджээ. Нийтийн тээврийн зайлшгүй хэрэгцээтэй үйлчилгээг иргэдэд хүргэхэд шаардлагатай тооны ажилчид ажлын байрандаа заавал байх ёстой гэж хуульд заасан байдаг учраас тус салбарын ажил хаялт үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөггүй байна. 

    Үүнээс гадна БНСУ-ын төмөр замын Үйлдвэрчний эвлэлээс 12 дугаар сарын хоёрны өдөр ажиллах хүч болон цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах шаардлагын дор орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа аж. Эдгээр ажил хаялтууд нь Юн Сок Ёлын Засгийн газраас Төрийн өмчит компаниудын бүтээмжийг дээшлүүлэхээр томоохон бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргасантай холбоотой юм байна. 

    “Урт хугацааны туршид ажиллах хүчний хомсдолд ороод байсан салбарыг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн бодлогын дагуу дахин цомхотгох гэж байгаа ажээ. Тиймээс Засгийн газартай зөвшилцөлд хүрэхийн тулд ажил хаялт зарлахаас аргагүйд хүрсэн” хэмээн БНСУ-ын төмөр замын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн дарга Ким Сон Ук онцолж байна.

    Cэтгэгдэл бичих