Зургийг: president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочилж, Намын хорооны нарийн бичгийн дарга Лан Яньшүнь, тэргүүлэгч Жан Юйфү нарыг хүлээн авч уулзсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ниншя хотон үндэстний Өөртөө засах орон нь Монгол Улсын Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлж байгаад баяртай байгаа”-гаа илэрхийлсэн байна.
Мөн “Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг” болохыг онцоллоо.
Цаашид хөдөө аж ахуй, аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт талууд санал нэгдсэн байна.
БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Кайсэн” хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. 155 сая орчим юанийн хөрөнгө оруулалттай энэхүү паркийн хүлэмжид “Мао тай лан” жимсний улаан лоолийн сортыг голлон тариалдаг бөгөөд жилд 4000 тонныг үйлдвэрлэн, 100 сая гаруй юанийн орлого олдог байна.
Мөн Жүнвэй хотын “Шапатоү” байгалийн хамгаалалтын бүсэд зочлон, цөлжилтөөс сэргийлэх, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгаатай танилцсан байна. Жүнвэй хот 60 гаруй жилийн хугацаанд ой байгуулж, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, 100 мянган га талбай бүхий элсэн цөлийг ойжуулжээ. “Шапатоү” байгалийн хамгаалалтын бүс жилд 15 сая орчим жуулчин хүлээн авч, 10 тэрбум юанийн орлого олдог аж.