Украины нийслэл Киев хотын эрчим хүч, усны хангамж бүрэн тасалдсан тохиолдолд оршин суугчдыг нүүлгэх шилжүүлэх төлөвлөгөөг албаныхан боловсруулж эхэлсэн болохыг “New York Times” мэдээллээ. ОХУ-ын агаарын довтолгооноос үүдэлтэй гэмтлийн улмаас Украины цахилгаан дамжуулах сүлжээ одоогоор нийслэл хот болон төвийн нэг муж, хойд хэсгийн долоон мужийн эрчим хүчний хэрэглээнд хязгаар тогтоох арга хэмжээ авч байгаа юм.
Киев хотын дарга Виталий Кличко бямба гарагт телевизээр мэдэгдэл хийхдээ хотын оршин суугчдыг ундны болон хэрэглээний ус, хүнс, зөөврийн цахилгаан үүсгүүр, дулаан хувцсаа нөөцөлж бэлтгэхийг зөвлөсөн байна. Хэдийгээр гэрэл цахилгаан, усны хангамжийг тасалдуулахгүйн тулд шаардлагатай бүгдийг хийж байгаа ч оршин суугчид хамгийн муу үр дагаварт бэлтгэлтэй байх хэрэгтэйг тэрбээр сануулжээ.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан дайны нөхцөл байдал улам даамжрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор сүүлийн саруудад Кремлийн өндөр албан тушаалтнуудтай яриа хэлэлцээр хийж байгааг “Wall Street Journal” мэдээлсэн байна. Тодруулбал: цөмийн зэвсэг болон үй олноор устгах зориулалттай бусад зэвсэг хэрэглэхгүй байхыг Москвад анхааруулсан боловч хэлэлцээрийн эцсийн зорилго нь энх тайвныг бүрэн тогтоох явдал хараахан биш болохыг онцолжээ.
Бямба гарагт Украины эрчим хүчний гол дэд бүтцийг чиглэсэн ОХУ-ын довтолгоо үргэлжилж, дахин дөрвөн удаа агаарын цохилт өгснөөс гадна Харьков, Донецк, Херсон зэрэг мужуудад их бууны цохилт өгснийг Киевийн зэвсэгт хүчний штабаас мэдээлжээ. Харин ням гарагт Украины арми Херсон мужийн хойд хэсэгт орших Каховкагийн даланд пуужингийн цохилт өгсөн ч томоохон гэмтэл учраагүй болохыг ОХУ-ын хэвлэлүүд мэдээлсэн байна.