
Зургийг: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Бямба гаргийн 06:00 цагийн байдлаар Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнийг 51 см-ээр давж, 1966 оны үерийн түвшинд хүрээд буцаж буурсныг НЗДТГ-аас мэдээллээ. Мөн Биокомбинат орчимд нөхцөл байдал хүндэрч, 80 орчим хүн усанд боогдсоныг мэдээлжээ.
Үргэлжлэн орсон борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотой хор уршгийг арилгах, сэргийлэх ажилд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид оролцож байна.
1966 оны долоодугаар сарын 10-11-нд Туул голын усны түвшин 311 см-т хүрч үерлэсний улмаас голуудын сав газар оршин сууж байсан 52.4 мянган хүн үерт автаж, 86 хүний цогцос олдож, 23 хүн ор сураггүй алга болж, нийт 135.4 сая төгрөгийн хохирол учирч байжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, далайн усны түвшний нэмэгдэл, ган гачиг, үер усны аюулаас учирсан хохирол 2050 он гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 4 хувиар буурахад нөлөөлөх бөгөөд тэр дундаа орлого багатай орнуудад харьцангуй өндөр хохирол учруулахыг "S&P Global" 2022 оны тайландаа дурдаж байв. Тодруулбал "RCP 4.5" буюу уур амьсгалын өөрчлөлтөөс учрах хохирлын боломжит суурь хувилбараар тооцоолж үзвэл бага болон дундаас доогуур орлоготой орнуудын ДНБ-ий алдагдал хөгжингүй орнуудынхаас 3.6 дахин их байх төлөвтэй аж.