Зургийг: Dado Galdieri/Bloomberg
Энэ оны эхний хоёр сард үйлдвэрлэл нэмэгдсэн ч Перу улсын зэсийн экспорт 20 хувиар буурсан нь нийлүүлэлтийн хомсдолд нөлөөлөхөөр байна.
Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр хоёрдугаарт бичигддэг Перу улсад сүүлийн хэдэн арван жилд байгаагүй жагсаал цуглаан саяхан намжсан юм. Хэдий тийм боловч олборлогчид хэдэн мянган тонн зэсийн баяжмалыг уурхайн бүс нутгаас боомтууд руу тээвэрлэхэд хүндрэлтэй тулгараад байна. Ингэснээр оны эхний хоёр сард үйлдвэрлэл таван хувиар өссөн ч экспорт буураад байгаа аж.
Одоогоор Лас Бамбасын уурхайд 85 мянган тонн зэсийн нөөц бүрдсэн байна. Энэхүү их хэмжээний нөөцийг энэ оны IV улиралд л экспортолж дуусахаар байгааг “MMG” компани мэдээлжээ.
Жагсаал цуглаан Лас Бамбас дахь уурхайнуудын экспортод хамгийн ихээр нөлөөлснийг Перу улсын Гадаад худалдаа, аялал жуулчлалын яамны статистик харуулж байна. “MMG” уул уурхайн компанийн зэсийн экспорт оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 55 хувиар буурчээ.
Мөн тайлант хугацаанд Перугийн тэргүүлэх зэс олборлогч гурван компанийн экспорт 10-аас дээш хувиар буурсан байна. Тухайлбал: “BHP”, “Glencore”, “Teck Resources” компанийн хамтран эзэмшдэг Антамина уурхайн зэсийн экспорт 11 хувиар, “Cerro Verde” компанийнх 24 хувиар, “Southern Copper”-ийнх 23 хувиар буурчээ.