logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үзэл бодол
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Барсболд
    Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар юу өөрчлөгдөх вэ?
    Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 29 18:50
    112
    УИХ-аас 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тухай, холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Дээрх хуулиудаар үнэлгээний салбарын үйл ажиллагаанд оруулсан зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг багцлан тоймлож байна.

    Үнэлгээний мэргэжлийн оролцоог нэмэгдүүлэв

    Монгол Улс нь чөлөөт зах зээлийн буюу эдийн засгийн системийн өөрчлөлт хийсэн хэмээн ярьдаг боловч өнөөдрийг хүртэл тэр зах зээлийн систем уруу шилжээд байгаа юм уу, эсвэл шилжээд дууссан эсэхийг тодорхойлоогүй өнөөдрийг хүрчээ. Барууны чөлөөт зах зээлийн системийн үндсэн элемент болох хөрөнгө, бараа таваар худалдах, худалдан авахад тогтож буй үнийг судалдаг, тогтоодог, хянадаг механизм эдийн засагт зайлшгүй шаардлагатай байдаг.

    Энэ системийг Монгол Улсад анх 2010 онд буюу зах зээлийн системд шилжсэнээсээ хойш 20 гаруй жилийн дараа Хөрөнгийн үнэ цэнэ, үнэлгээтэй холбоотой хууль эрх зүйн орчинг олон улсын байгууллагын зөвлөмжийн дагуу төрийн захиргааны байгууллагаас боловсруулан баталсан байдаг. Өнгөрсөн хугацаанд Хөрөнгийн үнэлгээний хууль нь эрх зүйн хүрээнд Иргэний хуулийн эдийн болон эдийн бус хөрөнгүүдтэй хамааралтай байсан ч практикт илүүтэй хязгаарлагдмал хүрээнд үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд түлхүү ашиглагдаж байв. Мөн хааяа зөвхөн хувьцаа гаргах зориулалтаар бизнесийг үнэлж байлаа.

    Тэгвэл 10 гаруй жилийн дараа энэхүү хуульд өөрчлөлт орж, дахин шинэчлэн өөрчлөн боловсруулан батлагдлаа. Шинээр батлагдсан хуулийн хүрээнд эдийн болон эдийн бус хөрөнгө хамаарагдахаас гадна эд хөрөнгийн эрх, өр төлбөр болон иргэний эрх зүйн харилцааны зүйлүүдийг хөрөнгө хэмээн хүлээн зөвшөөрч үл хөдлөх хөрөнгөөс гадна хөдлөх хөрөнгө, биет бус хөрөнгө, оюуны өмч, түүхийн дурсгалт зүйл, үнэт эдлэл, ховор эд зүйлс, ашиг шимт үржлийн мал, амьтан, ашигт малтмал болон газрын тосны орд , байгалийн хий зэрэг хөрөнгүүдийг үнэлэх, судлах, хянах боломж бий болгож өгсөн байна.

    Ингэснээр өнгөрсөн хугацаанд үнэлгээний үйл ажиллагаа болон хөрөнгийг ихэвчлэн хянан, шалгах чиглэлийн хүрээнд аудитын компанийн мэргэжилтнүүд, үл хөдлөх хөрөнгийн чиглэлийн хүрээнд барилгын төсөвчин, инженерүүд ажиллаж байсан бол хөрөнгийн чиглэл, төрлүүд нэмэгдсэнээр нарийвчилсан салбар бүр дэх үнэлгээний мэргэжлийн оролцоог хангах боломжийг эрх зүйн хүрээнд бүрдүүлсэн байна.

    Үнэлгээчний оролцоог нэмэгдүүлэв

    Үнэлгээчин бол чөлөөт зах зээлийн ажил мэргэжил юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дээд боловсролын салбарт үнэлгээчин мэргэжил бэлтгэдэггүй бөгөөд 2013 оноос ШУТИС, МУИС-д эрдэм шинжилгээний цол зэрэг буюу магистрын түвшинд “Хөрөнгийн үнэлгээ” мэргэжлээр судлаач, мэргэжилтэн бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар уг судлаач мэргэжлийн чиглэлээр сурч байгаа судлаачдын тоо бусад мэргэжил, хөтөлбөртэй харьцуулахад бага байгаа бөгөөд энэ нь хөрөнгийн үнэлгээний чиглэлээр сонирхон судлахаасаа илүүтэй, хувь хүн зорьж судалгаа хийж байгаатай холбоотой юм.

    Үнэлгээний олон улсын стандартад үнэлгээг бодитой, төв голч ба ур чадвартай байдлаар гүйцэтгэхэд шаардлагатай мэргэшил, чадвар, туршлага бүхий хувь хүн, бүлэг хүмүүс эсвэл пүүсийг үнэлгээчин гэж тодорхойлсон байдаг. Харин Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэнийг үнэлгээчин хэмээн ойлгож төрийн байгууллагаас хувь хүнд тусгай зөвшөөрөл олгодог.

    Тэгвэл шинэ хуулиар Төрийн захиргааны байгууллага тусгай эрхийг хувь хүнд олгохгүй харин мэргэжлийн байгууллага иргэнд үнэлгээчин эрхийг олгохоор хуульчилсан. Мөн үнэлгээчний сонгон шалгаруулалтад оролцоход өмнө нь инженер, эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох, хууль зүйн аль нэг чиглэлээр дээд боловсролтой, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан, гурваас доошгүй жил хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаанд оролцсон зэрэг шаардлага байсныг багасан дээд боловсролтой, мэргэжлээрээ хоёр ба түүнээс дээш жил ажилласан хэмээн шинээр тогтоож өгсөн байна. Энэ нь үнэлгээний хамрагдалт нэмэгдэх, тодорхой сэдвийн хүрээнд сонирхон судлах, судалгаа хийх боломж бүрдэж байна. Мөн цаашид нийтлэг хөрөнгийн үнэлгээний чиглэлүүдээс гадна хүний амь насны үнэлгээ, хохирлын үнэлгээ, гамшгийн үнэлгээ, цахим мөнгөний үнэлгээ зэрэг шинэ шинэ хөрөнгүүдийг, шинэ шинэ зорилго, зориулалтаарх үнэлгээ, үнэлэх чиглэлийн судалгаа, шинжилгээ хийгдэх боломжтой болж байна.

    Үнэлгээний компанийн оролцоог нэмэгдүүлэв

    Өнгөрсөн түүхийг товч авч үзвэл 1990 оны эцэс үеэр үнэлгээний чиглэлээр богино хугацааны сургалтыг нэлээдгүй сургалтын болон Төрийн бус байгууллага зохион байгуулах болсон бөгөөд тухайн үед ойролцоогоор 600 гаруй хүн сургалтад хамрагдан сертификат авсан байдаг. Мөн 2000 оны эхэн үеэр үнэлгээний асуудлыг Хууль зүйн яам хамаарч, хуулийн этгээдэд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээг хийх тусгай эрхийг олгож байсан. Гэвч энэ он жилүүдэд үнэлгээний салбар хөгжөөгүй улам зогсонги байдалд орсон байдаг.

    Харин 2007 оноос Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад үнэлгээний асуудлыг хамааруулж, 2010 оны үнэлгээний хууль батлагдаж, хувь хүнд үнэлгээчин тусгай эрхийг олгож өнөөдрийн байдлаар 200 гаруй үнэлгээчин, 30 гаруй үнэлгээний компани, албан бус мэдээгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт 200 гаруй үнэлгээний үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн компаниуд байгуулагдсан байна.

    Өнөөдрийн байдлаар нийт тогтмол хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа үнэлгээний компаниудыг авч үзвэл бараг тал илүү хувь нь аудитын компаниуд байна. Өөрөөр хэлбэл аудитын компанийн үндсэн ажлын хажуугаарх дагалдах, туслан гүйцэтгэх ажил нь үнэлгээний ажил болсоор өнөөдрийг хүрсэн байна. Гэхдээ үнэлгээний томоохон ажлыг гүйцэтгэх чадвар, туршлага, боломжийн хувьд үнэлгээний компаниас, аудитын компанид илүү боломж, нөхцөл байгаа нь яах аргагүй үнэн юм.

    Шинэ хуулиар, шинэ түвшинд гарахаар, шинээр өөрчлөлт хийсэн байна. Үнэлгээний хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхлэхээр заасан ба тэрхүү хуулийн этгээд нь нийтийн эрх ашгийг хөндсөн төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, зээлийн барьцаанд ашиглах, өр төлбөрт тооцох, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд шинээр байгуулах, ашигт малтмалын болон байгалийн баялгийг эргэлтэд оруулах, төрийн болон төрийн өмчийн оролцоотой этгээд хувьцааг нийтэд санал болгох зэрэг үнэлгээг гүйцэтгүүлэхээр заасан байна.

    Үнэлгээний компанийн хувьд Монгол Улсын хувьд хийгдэх томоохон засаглалын өөрчлөлт, төслүүдийн хүрээнд хийгдэх ажлуудыг хуулиар зааж өгсөн нь компанийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад үнэлгээний компанийн үйл ажиллагаа, үнэлгээчнийг чадавхжуулах боломжийг бүрдүүлж өгөх боломж бүрдэж байна хэмээн харж болохоор байна.

    Үнэлгээний мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэв

    Өндөр хөгжилтэй, чөлөөт зах зээлийн улс орнуудын нэг онцлог бол судлаач болгоны ярьдаг салбарын мэргэжлийн байгууллага, институтүүдийг хөгжүүлэх, Төрийн байгууллагын чиг үүргийг мэргэжлийн болон олон нийтийн байгууллагаар гүйцэтгүүлэх асуудал юм. Өнөөдрийн байдлаар салбар, салбарын 200 гаруй мэргэжлийн холбоо, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоо мэдээ ч байдаг. Ихэвчлэн эдгээр байгууллагууд нь компани, Төрийн бус байгууллага, нөхөрлөл, хоршоо зэрэг статусаар үйл ажиллагаа явуулдаг ба үйл ажиллагаа явуулахгүй, нэр төдий эсвэл хэн нэгэн этгээдийн эрх ашгийн төлөө дуугардаг, ажилладаг байгууллагууд нэлээдгүй байна.

    Эдгээр байгууллага, холбоодыг эрх зүйн хүрээнд зохицуулах хууль “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хууль 2021 оны есдүгээр сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлээд өнөөдрийн байдлаар хэлэлцэгдэж байна.

    Үнэлгээний салбарт ч салбараа төлөөлсөн мэргэжлийн хэд, хэдэн байгууллагууд байгаа бөгөөд тэдгээрийн хувьд хамтарч асуудлыг шийдвэрлэхээсээ илүүтэй, бие биеэ буруутгах, мэргэжлийн байгууллагын гишүүд хоорондоо зөрчилдөх, шүүх, хууль хяналтын байгууллагад хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаатай холбоотой аливаа алдаа дутагдлыг шийдвэрлэхгүй, бие бие рүүгээ чихэх, хугацаа алдах, орхигдуулах зэрэг үзэгдлүүд нэлээдгүй бий болжээ.

    Шинээр батлагдсан хуулийн хүрээнд хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагыг нийтийн эрх зүйн хуулийн этгээд байхаар зааж өгч, мэргэжлийн байгууллагын бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг энэхүү хуулиар баталсан. Энэ нь өмнө үүсэж байсан мэргэжлийн байгууллага, холбоодын тодорхойгүй, маргаантай асуудлыг шийдвэрлэж, шинээр хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Мөн хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын хуульд орсон бүлэг, зүйл, заалтууд нь өмгөөлөгч, хуульчдын мэргэжлийн байгууллагуудын дараагаар бусад холбоо, мэргэжлийн байгууллагад жишиг болохуйц эрх зүйн нөхцөлүүдийг хуульчилж өгсөн юм.

    Төрийн захиргааны байгууллагуудын хувьд мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтарч ажиллах шаардлага бий болдогч хууль эрх зүйн хүрээнд заагдаагүй тул зөрчил болох тохиолдлууд нэлээдгүй байдаг. Тиймээс хуульд Төрийн захиргааны төв байгууллага нь хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр хуульчилж өгсөн байна. Ингэснээр хууль эрх зүйн хүрээнд Төрийн болон мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааг бий болгох нөхцөл бүрдэж байна.

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эдийн засгийн бодлогын оролцоог нэмэгдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 24 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан билээ. Уг тогтоолоор эдийн засгийн бодлогыг санхүү, төсвийн зохицуулалт, уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр логистик, барилга, хот байгуулалт гэсэн долоон чиглэлээр тодорхойлсон юм.

    Өнгөрсөн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, тээвэр логистикийн саатал, экспорт, импортын хязгаарлалт, улс орнуудын тогтворгүй байдал гэх мэт эдийн засгийн хувьд таамаглаж байгаагүй нөхцөл байдлууд тулгарсан боловч Төрийн захиргааны байгууллага болон хууль тогтоох байгууллагууд баталсан эдийн засгийн бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулсан байна.

    Ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ил тод хариуцлагатай уул уурхайг бий болгох, газрын тос, зэсийн баяжмал, төмөрлөг зэрэг хүнд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, холбогдох дэд бүтцийг төслийг хэрэгжүүлэх зэрэгт ашигт малтмал болон газрын тосны орд, байгалийн хийн хөрөнгийн үнэлгээ хийхээр шинэ батлагдсан хуульд заасан нь эрх зүйн хүрээнд баялгийн эдийн засгийн тооцоо судалгаа, үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх эрх зүйн нөхцөлийг хуульчлан өгсөн байна. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд баталгаажсан үүлдэр, омгийн болон гойд ашиг шимт үржлийн мал, амьтны үнэлгээг хийхээр хуулиар заасан байна.

    Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн Удирдах зөвлөлийн гишүүн, Тэргүүлэх үнэлгээчин, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш, доктор, дэд профессор Д.Барсболд

    Cэтгэгдэл бичих