
Зургийг: Teng Meu/Bloomberg Businessweek
Томоохон сошиал платформууд бүгд өөр өөрийн онцлогтой. “Twitter” дээр танихгүй хүмүүстэй маргалдана. “Instagram” дээр 500 сельфинийхээ хамгийн дажгүйг нь бусдад харуулна. “Facebook” дээр их сургуулийн танилынхаа хувийн амьдралыг судална. Харин “LinkedIn”-ийг шинэ ажил хайсан үедээ өөрийн хуудсаа шинэчлэх, эсвэл хэн нэгний “ажилд орсон ой”-г сануулсан и-мэйлийг байнга хүлээн авах зорилгоор л ашиглана.
Одоо биш юм аа гэхэд өмнө нь ийм л байсан. Гэтэл бусад томоохон платформууд зогсонги байдалд орж, хэний ч хүсээгүй алгоритмаар өөрсдийгөө “булшилж” буй энэ үед “LinkedIn” нь жирийн хүмүүс цагаа өнгөрүүлж, бодлоо хуваалцдаг талбар болон өөрчлөгдөж байна.
2016 онд “Microsoft”-д 26.2 тэрбум ам.доллароор зарагдаж байсан энэхүү платформ нэг өдрийн болон сарын хэрэглэгчдийн дундаж тоогоо зарладаггүйгээрээ онцлог. Хэдий тийм боловч энэ хавар “LinkedIn”-д хэрэглэгчдийн хуваалцсан контентын тоо 2021 оны мөн үетэй харьцуулахад 41 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. 20 жилийн настай платформын хувьд өсөлтийн ийм хурд маш ховроос гадна бусад томоохон нийгмийн сүлжээний компаниудад хүчтэй дохио өгч байгаа юм.
“Бусад сошиал платформууд өөрсдийн алгоритм, үйл ажиллагааны журмаа өөрчилсөөр байсан” хэмээн “LinkedIn” дээр 100 мянган дагагчтай, өөртөө хэрхэн итгэлтэй байх талаар зөвлөмж нийтэлдэг нөлөөлөгч Селена Резвани өгүүлжээ. Тэрбээр "“Instagram", "TikTok" бухимдал төрүүлдэг болсон, учир нь ердөө жилийн өмнө, тэр байтугай зургаан сарын өмнө амжилттай болж, анхаарал татаж байсан зүйлс нь өнөөдөр ажиллахаа больчихдог. “LinkedIn” тогтвортой байдлын хувьд илүү” хэмээн онцолж байна.
Илон Маскийн нэрлэснээр “X” буюу “Twitter” өдгөө яах гээд байгаа нь огт мэдэгдэхгүй болсон. Шинэ эзэмшигч нь унтахынхаа өмнө юу бодов, түүний дагуу журмаа өөрчлөөд байна уу гэлтэй. Харин Марк Закербергийн “Instagram”, “Facebook” хоёр хоолоо “TikTok”-т булаалгаад байна гэдэгт санаа зовниж, нэг ёсондоо “Reel”-ийн платформ болсон. Хэрэглэгчид нь гал тогооны засал чимэглэл, эсвэл фитнесийн зөвлөгөө ярьсан огт танихгүй хүмүүсийн богинохон бичлэгийг үзэж цаг нөхцөөх болов. Ерөнхийдөө хуучин шиг өөрийгөө хувь хүн талаас нь түлхүү харуулж, сурталчилсан пост хармаар байгаа сошиал хэрэглэгчдийн хувьд “LinkedIn” л ганц сонголт болон үлджээ.
Шинэ хэв маягийг бүтээж байгаа нь “LinkedIn”-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг аж. Сүүлийн жилүүдэд тус платформ амбицтай бүхий л карьер хөөгчдөд зориулан цахим товхимол, подкаст, видео болон аудио контент бүтээх хэрэглүүр нэмсний зэрэгцээ компанийн удирдлагуудыг пост бичихэд сургах замаар шинэ нөлөөлөгчийн хөтөлбөр эхлүүлжээ. “Instagram, “Facebook”-ээс ялгаатай нь “LinkedIn” шинэ бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхдээ алгоритмаа гэнэт эрс өөрчлөөд байдаггүй.
Хэрэглэгчид нь “мэдлэгт суурилсан” контент үзэх дуртай бөгөөд үр дүн нь хангалттай сайн байгааг тус компани онцолжээ. Өнгөрсөн оны судалгаагаар энэхүү платформд арай өөр төрлийн пост хармаар байгаагаа илэрхийлсэн хэрэглэгчийн тоо энэ оны зургаадугаар сард 80 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Цар тахлын үед хүмүүс өөрийн хувийн амьдралын тухай пост оруулахаас төдийлөн санаа зовдоггүй болсныг “LinkedIn”-ийн Ахлах редактор Дэн Рот хэлж байна. Учир нь хүмүүс гэрээсээ ажиллангаа хүүхдээ харж, хандах зэргээр ажил, хувийн хариуцлагаа тэнцвэржүүлж, ажил болон хобби хоорондын зааг улам бүдгэрчээ. Мөн санхүүгийн шинэ боломж, давхар орлогын үүд хаалгыг нээхийн тулд ажил олгогчоос тусдаа өөрийн гэсэн мэргэжлийн илэрхийлэмж хэрэгтэй гэдгийг цар тахал хүмүүст ухааруулсан байна.
“LinkedIn”-ийн бизнес загвар нь борлуулалтын менежерүүдэд болон түншүүд, ажил горилогч хайж буй бизнесүүдэд төлбөртэй үйлчилгээ санал болгоход тулгуурладаг. Энэ нь сурталчилгаанд суурилсан платформууд шиг байнгын хандалтаас хамааралтай биш учраас илүү тогтвортой гэсэн үг юм.
Энэхүү загвар ажиллаж байгаа бололтой. “Microsoft”-ийн сүүлийн санхүүгийн жилийн тайлангаас харвал “LinkedIn”-ийн орлого 15 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн нь таван жилийн өмнөхөөс бараг гурав дахин өссөн үзүүлэлт болж байна.
Сара Фриер